link
Хэвлэл мэдээллийн хэрэгслэл, нийгмийн сүлжээгээр ШУТИС-ийн удирдлагууд зөвшөөрөл өгч, өөрийнхөө сургуулийн газруудыг бусдад шилжүүлсэн нөхцөл тогтоогдсон гэсэн мэдээлэл гараад байгаатай холбогдон зарим залруулга,тайлбарыг хамт олон та бүхэнд хүргэж байна.
ШУТИС-ийн эзэмшил газрыг бусад хувь хүн, хуулийн этгээдэд Захиргаа болон Бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагын албан ёсны зөвшөөрөл, хүсэлтийн дагуу хууль бусаар шилжүүлсэн, зарж борлуулсан үйлдэл байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Зөвхөн хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор баригдсан орон сууцны барилгуудын газрыг их сургуулийн эзэмшлээс шилжүүлэх үйл ажиллагаа 2016 онд хийгдсэн болно.
2017 оноос эхлэн ШУТИС-ийн захиргаанаас эзэмшил газрын үнэлгээг шинэчлэхтэй холбоотойгоор газрын бүртгэлийг дахин хийсэн. 2017 онд газар, үл хөдлөх хөрөнгийн тооллогоор анх 2005-2008 онуудад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд эзэмшил газрын хэмжээ нь хашаалсан газраас бага байх зөрчлүүд илэрсэн тул газрыг хашаалсан хэмжээгээр нэмэгдүүлэн эзэмших хүсэлтийг ТӨБЗГ-т илгээж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-1/44З6 тоот албан бичгээр нэмэгдүүлэх зөвшөөрлийг авсан. Түүнчлэн газруудыг ШУТИС-ийн хашаалсан хэмжээгээр эзэмшил газрын хилийг нэмэгдүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээнд баталгаажуулах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2018 оноос хойш удаа дараа хүргүүлсэн болно. Гэвч Нийслэлийн газрын албанаас манай хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2018 оноос хойш гурван нэгж газар (хичээлийн 4-р байрны хашаалсан газарт хамаарах 1 нэгж, хичээлийн 5-р байрны хашаалсан газарт хамаарах 2 нэгж) өөр хувь хүн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр захирамж гаргасан байгаа.
Бусдад шилжүүлсэн гэх энэ газар нь байршлын хувьд хичээлийн 4-р байранд хашаалагдсаар ирсэн боловч хуульд заасан нөхцлөөр ШУТИС-ийн эзэмшилд олгогдоогүй байгаа нь Нийслэлийн газрын албанаас 2005, 2008 онд Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуульд (хуучин нэрээр), 2015, 2017, 2019 онд Үйлдвэрлэлийн технологийн сургуульд олгогдсон газар эзэмших гэрчилгээнүүд, кадастрын зургуудаар нотлогдож байгаа болно.
ШУТИС-ийн эзэмшилд баталгаажаагүй байсан энэ газрыг 2018 онд бусдад шилжүүлэх зөвшөөрөл олгох эрх манай байгууллагад хууль тогтоомжийн хүрээнд үүсэх боломжгүй тул бусдад шилжүүлсэн гэх дээрх мэдээллүүдэд андуурал гарсан байна.
Ийнхүү ШУТИС-аас хашаалсан газрын хэмжээгээр эзэмшил газрыг нэмэгдүүлэх санал өгөх бүрт тухайн дурьдсан газруудыг удаа дараа өөр хувь хун, албан байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгож байгаа нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг зөрчиж, төрийн болон орон нутгийн өмчийн бүрэн бүтэн байдалд халдсан явдал гэж бид үзэж,захирамжийг хүчингүй болгохоор холбогдох гомдлыг гарган, дээрх байрлал бүхий хичээлийн байрны газруудыг бүрэн бүтэн байлгаж, хашаалсан хэмжээгээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр хичээлийн байруудын хашаалсан газруудыг бусдад олгосон асуудлаар ШУТИС-аас гаргасан гомдлын дагуу төрийн захиргааны болон хууль, хяналтын байгууллагууд судлан шалгаж байгаа бөгөөд хяналт шалгалтын ажил дуусаагүй, шүүхийн шатны ажиллагаа үргэлжилж байна.
Тухайлбал, ШУТИС-иас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу, тус шүүхээс ШУТИС-ийн хичээлийн 5-р байрны (Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах) эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтооож, ШУТИС-ийн хүсэлтийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаад байна.
Мөн БШУЯ-ны удирдлага, ШУТИС-ийн Удирдах зөвлөлд дээрх газартай холбоотой үүсээд буй нөхцлийг шийдвэрлэх талаар их сургуулиас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааг бүрэн зөвөөр ойлгуулж, зарим буруу ташаа ойлголтыг залруулахаар холбогдох тайлбарыг нотлох баримтын хамт албан ёсоор хүргүүлж байгаа болно.
ШУТИС-ийн МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
Хавсаргасан холбогдох баримт бичгийн жагсаалт:
Хичээлийн 4-р байрны хашаалсан газар бусдад захирамжаар олгогдсонтой холбогдуулан уг асуудлаар ШУТИС-иас илгээгдсэн, хариу ирсэн албан тоотууд: