“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
2023-12-19 16:19 ЗАА

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба, БуХС-ийн хүмүүнлэгийн салбар хамтран 2023 оны 12 дугаар  сарын 14-нд ШУТИС-ийн  Урлаг танхимд  соёл судлалын хичээл үзэж буй ШУТИС, МУИС-ийн оюутнуудын дунд  сонгодог хөгжмийн өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Тус өдөрлөг нь 2002 оноос эхлэн ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд явагдсаар өдгөө 21 дахь удаагаа зохиогдож байна. Энэ хугацаанд 3000 гаруй оюутнууд оролцож авьяас чадвараа сорин амжилттай зохион байгуулагджээ. Тэмцээнийг нээж БуХС-ийн хүмүүнлэгийн ухааны салбарын багш доктор, дэд профессор Д.Наранцацрал мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ удаагийн “Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” арга хэмжээнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр дэмжин оролцон театрын соёл, гадаад, дотоодын сонгодог уран бүтээлүүдийг мэргэжлийн уран бүтээлчид ШУТИС-ийн оюутан залуус, хүрэлцэн ирсэн зочдод толилуулсан юм.

 

 

Тус тэмцээний зорилго нь ШУТИС-ийн оюутнуудад соёл, урлагийн мэдлэг олгох, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцоход оршино.

21 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2023” тэмцээнд 1-р байранд МУИС, 2-р байранд ШУТИС баг амжилттай оролцон өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдөн амжил гаргаж, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнууллаа.

 

Тэмцээнд оролцогч оюутнууд Дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс сонсон, өөрсдийн оюуны ур чадвараа сорин өрсөлдөж, хүрэлцэн ирсэн үзэгчид дунд аяыг таах тэмцээн, азын сугалаа сугалуулан ялагчдыг тодруулан шагнал гардуулав. Энэ удаагийн аргаа хэмжээг ШУТИС-ийн ОХСҮА-ны мэргэжилтэн МУСТА Ц.Болдбаатар хөтлөн явууллаа.

      

  • I шат Дэлхийн сонгодог хөгжим
  • II шат Монголын сонгодог хөгжим

21 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2023” тэмцээний шүүгчээр ШУТИС, БУХС, доктор, дэд профессор Д.Наранцацрал, УДБЭТ-ын менежер Б.Бямба-Ёндон, ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Цогзолмаа, МУИС, ШУС, Философийн тэнхимийн дэд профессор, соёл судлалын багш, доктор Б.Дэлгэрмаа нар ажиллалаа.

Соёл судлалын хичээлийг үзэж буй ШУТИС-ийн оюутнууд сонгодог хөгжмийн зохиолуудыг чадамгай тааж байгаа нь бахархалтай байна

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба