link
Мэдлэг хуваалцах уулзалт, семинар нь 2023 оны 4-р сарын 24, Даваа, 10:00-13:00 цагт ШУТИС-VIII, 12 давхар, Олон Улсын Эрдэм Шинжилгээний хурлын танхимд болно.
Үндэслэл, шаардлага:
Орчин үед мэдлэгийн эдийн засаг, аж үйлдвэрийн IV хувьсгалын нөхцөлд дээд боловсролын хүрээнд зарчмын шинжтэй, томоохон өөрчлөлт шинэчлэлт явагдаж байна. Их сургуулиуд дан ганц сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэхийг зэрэгцээ өргөн далайцтай ул суурьтай судалгаагаар шинжлэх ухааны үнэн бодит мэдлэг бий болгож улс орнуудын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ Үндэсний инновацийн тогтолцооны нэг чухал оролцогч болоод байгаа билээ.
ШУТИС нь Монгол Улсын шинжлэх ухаан технологийн хамгийн том төв болохын хувьд улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгаад сүүлийн жилүүдэд хөгжлийн бодлогын хүрээнд судалгаанд суурилсан их сургууль, улмаар энтрепренер их сургууль болж хөгжих, дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд нэгдэх томоохон зорилтуудыг дэвшүүлээд байгаа билээ.
Манай сургуулийн хувьд нэг үнэт зүйлээ “Бид шинийг санаачлагч, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэгч, энтрепренер байна” хэмээн тодорхойлсон ба хөгжлийн стратегийн нэг тэргүүлэх чиглэл- “Суралцахуйн шинэчлэл ба карьер хөгжил”-ийн хүрээнд “хүнлэг, энэрэнгүй, бүтээлч сэтгэлгээтэй шинэ үеийн инженер, манлайлагчдыг бэлтгэх”, “судалгаа болон үр дүнд суурилсан сургалтыг эрчимжүүлэх” зэрэг зорилтуудыг дэвшүүлж, “бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, энтрепренёршип боловсрол олгох хичээлүүдийг хөтөлбөрт тусгах” стратеги хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Иймээс ШУТИС-ийн инженерийн мэргэжлийн хөтөлбөрөөр олгож буй эдийн засаг, бизнес, инновацийн мэдлэг олгох сургалтын агуулга, үр өгөөжийг сайжруулах шаардлагатай байна.
Энэхүү арга хэмжээ нь мэдлэгийн эдийн засаг, Аж үйлдвэрийн IV-р хувьсгалын нөхцөл дэх дээд боловсролын хөгжлийн чиг хандлага, инженерийн боловсролын өөрчлөлт шинэчлэлт болон ШУТИС-ийн инженерийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн эдийн засаг, бизнес, инновацийн мэдлэг олгох сургалтын агуулга, үр өгөөжийг сайжруулах арга замын талаар хэлэлцэж, санал солилцох зорилготой.
Зохион байгуулагчид:
ШУТИС-ийн Сургалт, цахим шилжилтийн газар, Эрдэм шинжилгээ, технологийн газар, Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба, Ахисан түвшний хөтөлбөрийн алба, БУХС-ийн Технологийн менежментийн салбар, ЖДҮССТ
Оролцогчид:
ШУТИС-ийн удирдлага, газрын захирлууд, холбогдох албадын дарга нар, бүрэлдэхүүн сургуулиудын сургалт, чанарын албаны дарга нар, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, салбар, тэнхимийн эрхлэгчид, профессор, багш нар