link

БНСУ-ын Иргэний барилга, барилгын технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2023-08-22 12:19 Батзориг

2023 оны 08-р сарын 10-ний өдөр ШУТИС-ийн захирал Т.Намнан, ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр нар БНСУ-н Иргэний барилга, барилгын технологийн хүрээлэнгийн (ИББТХ) зочдыг хүлээн авч эрдэм шинжилгээ, оюутан, багш судлаачдын солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцох уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

    Уулзалтын үеэр ШУТИС болон ИББТХ-гийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар болон сүүлийн үед хоёр улсын хувьд тулгамдаад буй их хэмжээний борооны улмаас үүсэж буй үерийн усанд тэсвэртэй, хамгаалах инженерийн барилга байгууламж байгуулах талаар судалгааны түвшинд хамтарч ажиллах боломжуудыг хэлэлцлээ. Солонгосын талаас барилга байгууламж, зам тээвэрт суурилсан үер усны гамшигаас хамгаалсан хот төлөвлөлтийн төслийг яаравчлан эхлүүлж, 2 талаас ажлын хэсгийг томилж ойрын хугацаанд онлайн хурал хийх товыг гаргав. Тус хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын эхлэл болгон дээрх төслийг эхлүүлж, хамтарсан төслийг БНСУ-ын Засгийн газарт танилцуулан тодорхой хэмжээний төсөв санхүүжилтийг авах тухай мөн хэлэлцэв. Сургалт судалгааны хүрээнд, ИББТХ-гээс жил бүр ШУТИС-д амжилттай суралцаж буй 1 оюутныг магистр эсвэл докторын түвшинд Англи хэл дээрх хөтөлбөрт 100%-ийн тэтгэлэгтэй суралцуулахаар боллоо. ИББТХ-гийн сургалтын онцлог давуу тал нь зэргийн сургалтын судалгааны ажлыг салбартаа тэргүүлэх чиглэлийн төсөл дээр гүйцэтгэдэг учир оюутан нь давхар төслийн ур чадвартай болж төгсдөг талаар танилцуулав.

  ИББТХ-гийн сүүлийн жилүүдэд Вьетнам, Болгар болон хөгжиж буй орнуудад БНСУ-ын Засгийн газраас санхүүгийн дэмжлэгтэйгээр тухайн улсуудад барилгын судалгааны хүрээлэн байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан Монгол улсад мөн барилгын судалгааны хүрээлэн байгуулах боломжтой талаар санал солилцлоо.

 

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба

Affiliated schools