link

Япон улсын Квансей Гакуин их сургуулиас “САКУРА” төсөл
2006-12-13 01:23 Админ

Япон улсын Квансей Гакуин их сургуулиас “САКУРА” төслийн Монгол улсын боловсролын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж 100 компьютер хандивлах ёслолын үйл ажиллагаа 2006 оны 12 дугаар сарын 11-нд БСШУЯ-д боллоо. Уг ёслолын ажиллагаанд БСШу-ны дэд сайд С.Төмөр-Очир, ШУТИС-ийн СЭЗНХ-ийн проректор Г.Даваажаргал, ГХХА-ны проректор Т.Батбаяр, “Эрдмийн Хэлхээ” Эрдмийн солилцооны холбооны удирдлагууд, Япон улсын Квансей Гакуин их сургуулийн профессор Ёшино Таро, оюутнуудын хамт оролцов.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ерөнхий боловсролын сургуулиудыг компьютержүүлж, интернетийн сүлжээнд холбох зорилтыг хэрэгжүүлэхэд Японы “Жайка” байгууллагаас хэрэгжүүлсэн “САКУРА” төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ төслийн хүрээнд одоогийн байдлаар хөдөөгийн 64 сургуульд 600 гаруй компьютер бүхий компьютерийн кабинет байгуулж, сүлжээнд холбосон юм. Энэхүү төслийг “Эрдмийн Хэлхээ” Эрдмийн солилцооны холбоо хэрэгжүүлж байгаа бөгөөд ШУТИС, Квансей Гакуин их сургууль дэмжин оролцож байна. Төслийн энэ удаагийн шатанд Монголын боловсролын байгууллагуудад 100 компьютер олгож байгаа бөгөөд үүнээс хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-д 10 компьютер хандивласан.
ШУТИС нь Квансей Гакуин их сургуультай 2004 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулан амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь энэхүү үйл ажиллагаа боллоо. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой санал солилцож багш, оюутан солилцох, хамтарсан төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
“Эрдмийн Хэлхээ” Эрдмийн солилцооны холбоо нь LINUX үйлдлийн системийг иж бүрнээр Монгол хэл дээр боловсруулан анхны хувилбарыг гаргасан бөгөөд хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтанд ашиглажд эхэлсэн билээ. Үүнээс гадна, энэхүү үйлдлийн системийг ашиглах багш, сурагчдад зориулсан дөрвөн төрлийн гарын авлага, сурах бичгийг боловсруулаад байна. Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн багш, мэргэжилтэн, оюутнууд сайн дурын үндсэн оролцон ажиллаж байгаа нь ШУТИС-ийн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын мэдээллийн технологийн боловсролыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр билээ.

 

 

Affiliated schools