“Автомат Робот 2023” хаврын улирлын тэмцээн 2023 оны 4 сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө
2023-04-26 17:55 ЗАА

Дэлхийн олон улсад зохиогддог оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн болдог билээ.

Үүний нэгэн адил цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубийн оюутнууд санаачлан 2009 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн. Тус тэмцээн 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 багууд оролцож байсан бол  2014 оны 5 сараас хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран зохион байгуулах болсон.

Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг”  ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран нийслэл хот болон хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.

2018 оноос эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор "Автомат робот" тэмцээний хүрээнд "Robot Race" хэмээх төрлийг шинээр оруулсан байна. “Robot Race" төрлийн онцлог нь муруй хэлбэрийн битүү замаар уралддаг бөгөөд уралдааны замын хэлбэр, саадыг тэмцээний өдөр хүртэл нууцалдагт оршино.

Цар тахлын улмаас уг тэмцээнийг зохион байгуулаагүй хоёр оныг үдсэн ч 2022 оны намрын болон 2023 оны хаврын тэмцээнүүдэд харьцангуй олон баг оролцсонд бидний зүгээс талархалтай байгаа билээ.

Оролцогчдын чансаа, идэвх сайжирсныг харгалзан үзэж тэмцээнийг илүү сонирхолтой, цаашид олон улсын түвшинд хүргэх, чанаржуулах үүднээс энэ удаагийн тэмцээнд “Микромауз” гэх шинэ төрлийг орууллаа. Микромауз төрөл нь 1970-аад оноос АНУ-д анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш өдгөө дэлхийн олон оронд жил бүр зохион байгуулагддаг олон улсын тэмцээн болон өргөжсөн төрөл юм. Микромауз нь 16*16см-аас ихгүй хэмжээтэй, удирдлагагүй, бие дааж ажилладаг жижиг хулганыг дүрсэлсэн робот байна. Тэмцээний дүрмийг товчхон дурдвал, 16*16*18*18см буюу 50176см2 төөрдөг байшинд гараанаас бариа хүртэлх хамгийн дөт замыг илрүүлэн 7 минутын хугацаанд туулах юм. Нийт оролдлогын тоо 5. Төөрдөг байшингийн ханын өндөр стандарт 5см байна.

Тэмцээн бүрд төөрдөг байшингийн замын хийц ялгаатай байх ба тэмцээнд оролцохоос өмнө урьдчилан замын өгөгдлийг сануулах, хадгалах боломжгүй, тухайн тэмцээний явцад тооцооллыг гүйцэтгэхээрээ програмчлалын хувьд ахисан түвшний ур чадвар шаардах юм.  

"Автомат робот-2023" хаврын тэмцээнд:

  • Микромауз
  • Тойрог зам буюу робот рейс
  • Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
  • Шоо цуглуулах робот  (ЕБС болон их дээд сургууль) гэсэн 4 төрөлд Улаанбаатар хот болон Төв аймгийн Батсүмбэр сумаас зорин ирсэн 74 багийн 120 орчим тамирчид ур ухаанаа уралдуулан оролцлоо. 

Үүнд:

  • ЕБС-ийн ангилалд Улаанбаатар хотын 12, Оном сургуулиуд, Шинэ Монгол Технологийн Коллеж, TEE education сургалтын төв, Төв аймгийн Батсүмбэр ЕБС-аас зэрэг нийт 5 сургуулийн давхардсан тоогоор 31 багийн 46 сурагч
  • ИДСургуулийн ангилалд ШУТИС-ийн салбар Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Геологи Уул Уурхайн Сургууль болон Механик Тээврийн Сургуулийн харьяа МСҮТ, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Шинэ-Монгол Технологийн Дээд Сургууль зэрэг 7 сургуулийн давхардсан тоогоор 43 багийн 78 оюутан оролцов.

Энэ удаагийн тэмцээнд “I’m World Mongolia” ЭсЖиЖи Прэнд ХХК ивээн тэтгэж тэмцээний тэргүүн байрын шагналтнуудад програмчлагддаг лего робот, бүтээгдэхүүнийхээ дээжээс гардууллаа. Мөн 102 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн 50 гаруй 5 настай багачууд анги хамт олон, эцэг эхийнхээ хамт ирж бидний тэмцээнийг үзэж сонирхсон онцлогтой болж өндөрлөв.

Тэмцээний дүнг танилцуулбал:

2023-04-22-ны өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2023 хаврын тэмцээний эхний өдрийн тэмцээнүүд амжилттай зохиогдож урьдын адил ширүүн, өрсөлдөөнтэйгөөр болж өндөрлөө.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш Ч.Батчулуун, Б.Луубаатар, Т.Амартүвшин, Н.Чулуунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Уянгаа нар ажиллалаа.

Робот Рейс уралдаанд 26 баг өрсөлдсөнөөс

  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Э. Энх-Амар  ахлагчтай “DARK ANGEL” баг Тэргүүн байрыг
  • ШУТИС-ийн Механик Тээвэр Сургуулийн Шагдарсүрэн багшийн удирдсан Д.Тогтохбаяр ахлагчтай  “DARK ANGEL-I” баг Дэд байрыг
  • Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн  Т.Энхсайхан ахлагчтай “ Electro” баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнд шинээр нэмэгдсэн Микромауз төрөлд МХТС-ийн 2 баг амжилттай оролцлоо. 

2023-04-23-ний өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-Робот-2023 хаврын тэмцээн хоёрдох өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-МХТС-ийн багш Ц.Сугир, Б.Дорж, А.Одгэрэл, Ц.Тэнгис, Г.Ууганчимэг, Г.Уртнасан, Г.Баяр, А.Сундий нар ажиллалаа.

Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 30 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж, муруй замын саадыг амжилттай даван

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Улаанбаатар бүрэн дунд сургуулийн Ө.Үржинбадам багшийн удирдсан О.Учрах “UB ROBOT” баг ТЭРГҮҮН байр
  • Төв аймгийн Батсүмбэр сумын  ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан Э.Баттулга ахлагчтай “Хас хөдөлгүүр-5” баг ДЭД байр
  • Төв аймгийн Батсүмбэр сумын  ЕБС-ийн У.Болормаа багшийн удирдсан Б.Ариунболд ахлагчтай “Хас хөдөлгүүр-1” баг ГУРАВДУГААР байр

Их дээд сургуулийн ангилалд

  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Т.Баатархүү ахлагчтай “MNBOT” баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн оюутан А.Эгшиглэн ахлагчтай “IDEA” баг ДЭД байр
  • Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн Цэргийн Нэгдсэн дээд сургуулийн Л.Бямбажаргал багшийн удирдсан Л.Болдтүшиг ахлагчтай “Аравт” баг  ГУРАВДУГААР байрын эздээр тус тус шалгарлаа.

Шоо цуглуулах тэмцээнд нийт 15 баг өрсөлдсөнөөс 

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан Д.Балжинням ахлагчтай  “Хас хөдөлгүүр-1” баг ТЭРГҮҮН байр
  • Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн, У.Болормаа багшийн удирдсан М.Отгон-Эрдэнэ ахлагчтай “Хас хөдөлгүүр-3” баг ДЭД байр
  • TEE education сургалтын төвийн Е.Элэмэс багшийн удирдсан Т.Халиун ахлагчтай  “FEARLESS” баг ГУРАВДУГААР байр

Их дээд сургуулийн ангилалд

  • Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай “ELECTRO” баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн  Б.Бат-Эрдэнэ багшийн удирдсан Б.Дүүрэнбаатар ахлагчтай “Дүүрээ” баг ДЭД байр
  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн  Б.Батчулуун багшийн удирдсан Э.Сумьяабазар ахлагчтай “TESA” баг ГУРАВДУГААР байрын эздээр тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.