ШУТИС-ийн БАС-ийн усны барилга байгууламжийн магистрын хөтөлбөрийн сайжруулах, лаборатори болон багшлах боловсон хүчнийг чадавхжуулах “Graduates for Climate change adapted water management - CCWater” төслийг Европын холбооны ЭРАСМУС+ хөтөлбөрийн санхүүжилтээр Норвейг, Польш, Герман, Хятад, Шри Ланкийн 11 их сургуулиудтай хамт 2021 – 2024 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслийн хүрээнд БАС-ийн усны барилга байгууламжийн магистр болон докторын хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны менежментийн олон улсын тэргүүн туршлага, усны менежментийн орчин үеийн арга аргачлалуудын талаар мэдлэг, чадварыг төгсөгчдөд олгох гурван хичээлийн лекцийн материал, сурах бичиг, лабораторийн ажлын материалуудыг боловсруулсан бөгөөд инженерийн гидравликийн лабораторийн ажилд зориулан 26500 EURO өртөгтэй усны чанарын зөөврийн багажууд, нуур цөөрөм, голын ёроолын хэмжилт судалгааны алсын удирдлагатай завь зэрэг багаж тоног төхөөрөмжийг худалдан авч сургалт, судалгаанд ашиглаж байна. Үүнээс гадна төслийн хүрээнд БАС-ийн 4 оюутан Норвейг, Шри Ланка зэрэг улсуудад зуны богино хугацааны сургалтад хамрагдсан билээ.
2023 оны 10 сарын 12-14-ний хооронд CCWater төслийн Монгол дахь уулзалт, төслийн хүрээнд оюутны сошиал Хакатон уралдааныг ШУТИС-д амжилттай зохион байгууллаа. Төслийн монгол дахь энэхүү уулзалт болон хакатоны арга хэмжээг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ технологийн газар ивээн тэтгэж ажиллав. Төслийн уулзалтад 6 орны 11 их сургуулиудын 20 гаруй профессорууд ирж ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ технологи, ахисан түвшний хөтөлбөрийн алба, хөтөлбөрийн хорооны гишүүдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж цаашид БАС-тай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлэг өрнүүллээ. CCWater төслийн хэрэгжүүлснээр ШУТИС нь 100 гаруй их сургуулиудын сүлжээг бий болгож буй Water harmony сүлжээний гишүүн болж байгаа бөгөөд эдгээр их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болж байгааг төслийн ерөнхий зохицуулагч Норвейгийн их сургуулийн профессор Harsha Ratnaweera цохон тэмдэглэв.
Мөн Water harmony сүлжээний зүгээс ШУТИС-д Олон улсын усны холбооны (The International Water Association) 2 жилийн гишүүнчлэл, ШУТИС-ийн 5 багшид мөн 2 жилийн гишүүнчлэлийн эрхийг олгосон бөгөөд уг эрхээр ШУТИС-ийн ахисан түвшний оюутнууд IWA-с зохион байгуулах аливаа хурал зөвлөгөөнд хөнгөлөлттэй оролцох, эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг ашиглах боломж бүрдэж байгаа юм.
CCWater төслийн хүрээнд “Говийн бүсэд дасан зохицсон, сайжруулсан усны менежмент” нэртэй сошиал хакатоныг зохион байгуулсан бөгөөд хакатонд нийт 9 оюутан 3 баг болж ажиллаж өмнөд говийн бүсийн усны менежментийг сайжруулах шийдлүүдийг 3 хоногийн хугацаанд боловсруулан танилцуулав. Шилдэг шийдэл санал болгосон багийн гурван оюутан 2024 оны 1 сард Хятадын Шинзен мужид болох олон улсын өвлийн сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнагдав. Хакатоны үйл ажиллагааг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар дэмжин ажиллав.
CCWater төслийн уулзалтын үеэр төслийн хамтрагч Шри Ланка улсын Перидениагийн их сургуулийн профессор SB Weerakoon Уур амьсгалын өөрчлөлт ба усны нөөц сэдвээр оюутан залуучуудад лекц уншив.
Мэдээ бэлтгэсэн: ШУТИС дахь CCWater төслийн баг
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа