Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх эрдмийн өргөө болсон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамт олон, эрдэмтэн профессор багш, ажилтан, оюутан залуус, тэдний гэр бүл, үе үеийн төгсөгчид, дэмжигч, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол улсад Барилгын инженер, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн 1959 оноос эхлэн манай их сургуулийн улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн түүхэн үе эхэлдэг юм.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) өнөөдөр 12 бүрэлдэхүүн, 2 харьяаллын сургууль, 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, Коосен технологийн коллеж, 2 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2 ерөнхий боловсролын ахлах сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  

Бид боловсрол, шинжлэх ухааны салбарын орчин үеийн өөрчлөлт шинэчлэлт, инновац, технологи дамжуулалт, шинэ мэдлэгийг буй болгогч, түгээн дэлгэрүүлэгч байгаад зогсохгүй Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон инженерийн дээд боловсролтой мэргэжилтний сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэхэд “ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө”-г баримтлан, их сургуулийн үйл ажиллагааны зорилт, төлөвлөлтийг чиглүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, чадварлаг инженер, технологийн мэргэжилтнээр хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бүтээлчээр буй болгон үр өгөөжийг нэмэгдүүлэн ажиллахад үндэсний томоохон их сургуулийн хувьд онцгой үүрэг, хариуцлага хүлээн ажиллах шаардлага мөн бий болж байна.

Боловсрол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ судалгаа инновацийн чиглэлд дэлхийн хөгжлийн нийтлэг чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах нь ШУТИС-ийн эрдмийн хамт олны эрхэм үүрэг, ойрын ирээдүйн зорилго юм. Дэвшилтэт шинэ техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн инженерийн боловсрол хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа үед шинэ арга зүй, технологи, боломжуудыг эрэлхийлсэн, шинэ хэлбэрээр сургалт, судалгааг зохион байгуулан, өөрчлөлт шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлж байна. Манай их сургууль өөрийн нөөц боломж, хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн тэргүүлэх лаборатори, тоног төхөөрөмжөөр сургалт, судалгааны материаллаг баазаа бэхжүүлж, оюутан суралцагчдын сурах орчин, багш судлаачдын судалгааны нөхцөлийг сайжруулж, эрдэм судлалын хөгжилд ахиц дэвшил гаргалаа.

Та бүхнийг инженер, технологи, хүмүүнлэг, бизнесийн чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа явуулахад манай чадварлаг судлаачид хамтран ажиллахдаа баяртай байх болно. Ирээдүйн хөгжлийг авч явах өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохоор бүх шатны сургалтад элсэн орж суралцахад манай их сургуулийн эрдмийн өргөө үргэлж нээлттэй.

ШУТИС нь дэлхийд данстай тэргүүлэх их сургууль, эрдэм оюун, авьяас билгийн цөм, инновац бүтээлийн ундарга байх болно.

ШУТИС-ийн ЗАХИРАЛ

ТӨМӨРПҮРЭВИЙН НАМНАН

Доктор(Ph.D), Профессор