1960-аад оноос Монгол Улс аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилтыг тавьж хэрэгжүүлэх үүднээс дотооддоо инженер, техникийн боловсон хvчин бэлтгэх зорилгоор МУИС-д 1959-оноос Аж Vйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм.
Харин инженер-техникийн мэргэжлийн багшлах боловсон хүчин бүрдэж ирсний үр дүнд 1969 онд МУИС-ийн бvрэлдэхvvнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хvч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ. Улмаар 1970 оноос ЮНЕСКО-ийн МОН-1 төслийг хэрэгжүүлж, шинэ vеийн багшлах боловсон хvчин бэлтгэх, сургалтын материалаг баазыг бий болгох асуудлыг зохих тvвшинд шийдвэрлэсэн байна. ПДС-нь бие даасан дээд сургуулийн хэмжээнд хүртэл бэхжиж чадсан учраас 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл /хуучин нэрээр/-ийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бvрэлдэхvvнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.
Монгол оронд өрнөсөн ардчилал шинэчлэлийн үр дүнд монголын боловсролын системийг бэхжүүлэх үүднээс дээд сургуулиудыг их сургууль болгон өөрчилж, эрх хэмжээ, бие даасан байдлыг нь өргөтгөсөн юм. (БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 154-р тогтоол).
Монголын дээд боловсролыг өөрчлөн шинэчлэх, ардчиллыг тууштай нэвтрүүлэх талаар Техникийн их сургууль манлайлан ажиллаж, сургалтын зохион байгуулалтад кредит тогтолцоог тууштай нэвтрүүлж, сургалтын үйл ажиллагааг ардчилсан зарчмаар өөрчилж чадсан юм. Түүнчлэн их сургуулийн бүтэц зохион байгуулалтыг зах зээлийн нөхцөлд зохицуулан өөрчилж, сургууль, профессорын баг, судалгааны төвийн бүтцийг хэрэгжүүлсэн байна. Энэ үед Техникийн их сургуулийн гадаад харилцаа эрс өргөжиж, олон улсын их сургуулиудын сүлжээнд хамрагдсан юм. Энэхүү өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд Техникийн их сургууль нь Монгол улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургууль болтлоо өргөжин бэхжсэн байна.
2013 оноос ШУТИС-ийг цаашид улам хөгжүүлж, судалгааны их сургууль болгох өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж байна. Судалгааны их сургууль болохын тулд их сургуулийн бүтцийг дэлхийн жишигт ойртуулж, сургалтын чанарыг эрс дээшлүүлж, дэлхийн түвшинд хүрсэн профессор багшийн тоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлж, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилтыг тавьж ажиллаж эхэллээ.