link

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2012-04-28 02:14 Админ

ШУТИС-ийн Хэлний боловсролын сургуулиийн Орос судлалын профессорын багаас эрхлэн “Монголия-Россия: поиски оптимальных путей сотрудничества” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 4-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд ОХУ-аас тус улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Н.Кузнецов, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, РОССОТРУДНИЧЕСТВО байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов, тус төвийн орлогч захирал А.Ц.Идамжапов, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгчийн газрын орлогч дарга Б.Ч.Хасаранов, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч проф.С.Галсан, МУИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн эрхлэгч доктор Л.Одонтуяа, МУБИС-ийн ГХС-ийн орос хэл, уран зохиолын тэнхмийн эрхлэгч, проф.С.Эрдэнэмаам, ШУТИС-ийн ХБС-ийн захирал профессор Д. Болд нар оролцон баяр хүргэж үг хэлсэн бөгөөд, тухайлбал, ноён Е.Г.Михайлов хэлсэн үгэндээ “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг танай энэ хурал бол ОХУ-ын орос хэл судлаач эрдэмтэд төдийгүй манай хөрш хоёр орны түүх, соёл, ёс заншил, олон улсын харилцааны чиглэлийн судлаачид хүсэн хүлээдэг, тэдний талархлыг хүлээсэн, эрдэмтдийн хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ болжээ” хэмээн өндрөөр үнэлэв.

Хуралд нийт арав гаруй илтгэлийг сонсч хэлэлцсэний дотроос проф.С.Галсан, доктор А.Ц.Идамжапов,  ШУТИС-ийн багш  Ц.Тунгалаг, У.Зоригтбаатар, МУИС-ийн багш, доктор Д.Энхбат, МУБИС-ийн багш, доктор Д.Цэдэнжав нарын илтгэл онолын боловсруулалт, хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт зэргээрээр бусдын анхаарлыг илүү татлаа.

Долоо дахь жилдээ болж буй уламжлалт энэхүү хурлыг энэ жил МУИС, МУБИС, Монголын орос хэл уран зохиолын багш нарын холбоо, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд гадаад, дотоодын 50 гаруй эрдэмтэн судлаачдын 40 илтгэлээс бүтсэн эмхэтгэлийг хэвлүүлж, оролцогчдын гар дээр тавьсан нь тэдний талархлыг зүй ёсоор хүлээлээ.

Г.Туяа

Affiliated schools