link

Монголын түүхийн 7 хоногийг тэмдэглэв
2012-05-02 02:09 Админ

НТС-ийн түүх, аялал жуулчлалын багаас жил бүр зохион байгуулдаг Монголын түүхийн 7 хоног “Чингис хаан 850 жил”сэдэвтэйгээр ШУТИС-ийн  хичээлийн 1, 2-р байранд 2012-04-23-27-нд  явагдаж өнгөрлөө. Тус үйл ажиллагааны нээлтэд ШУТИС-ийн ректор Б. Дамдинсүрэн, Захиргаа хяналт, шинжилгээ мониторингийн албаны дарга Ю. Болдбаатар, зарим харъяа сургуулийн дэд захирлууд,  МУИС-ийн НШУС-ийн археологи-антропологийн тэнхмийн профессор Д.Түмэн, НТС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, профессор, багш, ШУТИС-ийн оюутнууд оролцож, НТС-ийн аялал жуулчлалын III курсийн оюутнууд үндэсний хувцсаар гоёж, “Их засаг хууль”, Чингис хааны сургааль үгс бүхий хуудсыг оюутнуудад тарааж, аяганы хорхог зэрэг монгол хоолоор багш, оюутнуудыг дайлсан нь сонин сайхан байлаа. Нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн захиргаа, харъяа сургуулиудад Чингис хааны хөргийг гардуулав. Дараа нь нээлтийн ажиллагаанд оролцогсод ШУТИС-ийн түүхийн музейд нээгдсэн түүх, соёлын үзэсгэлэнтэй танилцав. 13-р зууны Монгол цэргийн хуяг, 15-р зууны дуулга, 17-р зууны үеийн гунан буу, 15-р зууны сэлмийг Цэргийн  түүхийн музейн сан хөмрөгөөс Монголын түүхийн 7 хоногт  зориулан олны хүртээл болгосон. Сонирхуулж хэлэхэд 15-р зууны үеийн монгол цэргийн сэлмийг АНУ-ын монгол судлаач Цэргийн түүхийн музейд бэлэглэсэн бөгөөд “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны зураг авалтанд уг сэлмийг хэрэглэж байжээ. Музейг давхардсан тоогоор 1200 гаруй багш, ажилтан, оюутнууд үзлээ.

НТС-ийн багш, доктор Л.Эрдэнэболд, Д.Хатанбаатар, Ч.Ванчигдаш нарын гар бие оролцсон археологийн олдворууд, Монгол орны түүх, соёлын дурсгалуудаар зургийн үзэсгэлэн гаргасан нь олны сонирхлыг татсан. Түүхийн 7 хоногийн туршид  “Чингис хаан”, “Ардын элч”, “Монголын угсаа залгамжлалын түүх”, “Хойд Цэнхэрийн агуй” зэрэг уран сайхны болон баримтат киног оюутнуудад үзүүлж сонирхуулав. 

Түүнчлэн түүхийн 7 хоногийн явцад доктор Л. Эрдэнэболд “Дээдсээ оршоох өвөрмөц монгол ёсон”, доктор А. Энхбат “Түрэг Уйгурын үеийн Монголын түүх” сэдвээр сонирхолтой лекцийг багш оюутнуудад уншиж, археологийн экспедицийн нээлттэй тайланг хэлэлцүүлсэн нь манай баг, НТС-ийн багш нарын судалгаа, шинжилгээний ажлыг цар хүрээ, далайцыг харуулсан сайхан ажил боллоо.

Affiliated schools