link

Холбооны салбарын мэргэжилтнүүд төгс бэлтгэгдэж гарна
2012-05-22 22:08 Админ
Холбооны салбарын мэргэжилтнүүд төгс бэлтгэгдэж гарна

Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монголд харилцаа холбооны салбарын ирээдүйн боловсон хүчин болох оюутан залууст, Мобикомын хэрэглэгчдэд үйлчилж, Монгол улсын 21 аймгийг сүлжээгээр хангаж байсан сайтын төхөөрөмж, радио байгууламж, дамжуулах байгууламж, зай тэжээлийн төхөөрөмж бүхий иж бүрэн компьютержсон, техник хэрэгсэл бүхий лабораторийг ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн сургуульд бэлэглэлээ.
      
Энгийнээр хэлбэл тус сургуулийн оюутан суралцагсад өнөөдрөөс эхлэн зөвхөн онолд тулгуурлах бус өөрсдийн шийдэл бүхий туршилтыг сургуулийн танхимдаа туршиж, ажлын байрандаа бүрэн бэлтгэгдсэн боловсон хүчин болж очих боломж нээгдэж байгаа юм.
      
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпорацийн боловсролын салбарт хийж байгаа ээлжит хөрөнгө оруулалт нь харилцаа холбооны боловсон хүчнийг дангаараа бэлтгэдэг тус сургуулийн хувьд салбарын хөгжлийг хурдасгахад чухал ач холбогдолтой гэж салбарын багш мэргэжилтнүүд дүгнэж байлаа.
   
ШУТИС-ын МХТС бол мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх бизнесийн байгууллагуудын боловсон хүчнийг нь бэлдэж өгдөг үндсэн сургуулийн нэг юм. Мобиком корпорацийн 200 орчим техникийн ажиллагсдын 80 орчим хувийг тус сургуулийг төгсөгчид бүрдүүлдэг гэсэн тоо байдаг. Энэ лаборатори нь шинээр станц байгуулах, сүлжээ оруулах бүхий л төвшний дадлагыг хийх боломжтойгоос гадна суралцагч нь радио байгууламж, дамжуулах байгууламж, зай тэжээлийг төхөөрөмжийн үйл ажиллагааг задлан шинжлэх, үйлдэл, бүтэц, үүргийг хянах зэрэг дадлагуудыг хийх боломжтой.

Өөрөөр хэлбэл салбарын суралцагсдын хувьд  бодит системд холбогдож, хэрэглэгчийн тоо системийн ачаалалд хэрхэн нөлөөлөх, орон нутагт сүлжээ байгуулах зэрэг үйл ажиллагааг хяналтын төв баазад холбогдон туршиж үзэх, өндөр давтамжийг системд задлан шинжилдээ хийх, хянах, холбооны станцын үйл ажиллагаа бүтэц үүрэгтэй нэг бүрчлэн танилцах шалгах зэрэг үйлдлүүдийг өөрсдийн гараар турших боломж оюутанд нээгдэж байна.

Энэхүү лабораторийг хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагааны үеэр Мобиком Корпораци болон холбооны салбарын ирээдүйг тодорхойлогч мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн сургуулийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.






Affiliated schools