link

“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг гардуулав
2023-04-19 11:08 Батзориг

   ШУТИС нь Япон улсын “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулсан. Тэтгэлгийн шалгаруултын болзлыг хангасан оюутнуудад тэтгэлгийг жил бүр олгосоор ирсэн. 2022-2023 оны хичээлийн жилд шинээр шалгарсан болон үргэлжлүүлэн авч байгаа 20 оюутанд 650 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгогдож байгаа бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд үргэлжлүүлэн авах боломжтой байдгаараа онцлог юм.  Энэ удаагийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 04 дугаар сарын 17-ны өдөр болж, ёслолын ажиллагаанд  Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба (ГХНТА)-ны дарга Т.Ууганбаяр, ГХНТА-ны мэргэжилтэн Д.Одончимэг болон “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Инаба Макото (цахимаар), тэтгэлэг хариуцсан менежер Ч. Оюунжаргал нар оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийн батламжийг гардуулан өглөө.

  

  ГХНТА-ны дарга Т.Ууганбаяр шалгарсан оюутнуудад баяр хүргэж, цаашид суралцаж буй салбар бүртээ мундаг инженер, шилдэг менежер, манлайлагч болохын төлөө хичээн суралцахыг хүсэв. “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Инаба Макото “Хичээнгүйлэн шамдан суралцсан мэдлэгээ зэвсэг болгон ашиглаж, хариултгүй асуудлын шийдлийг олох чадвартай хүчирхэг оюун ухаантай нэгэн болохыг оюутнуудад захиад, Сүмитомо корпорацийн энэхүү тэтгэлэг та бүхнийг ухаалгаар тунгаан бодох чадвартай мэргэжилтнүүд болоосой гэсэн дэмжлэг юм шүү” гэж хэллээ. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудаа төлөөлөн БАС-ийн барилгын инженер мэргэжлээр суралцаж буй Г.Булгансор үг хэлэхдээ “Би багаасаа хүсч мөрөөдсөн мэргэжлээрээ суралцаж буй. Бид бүхэнд хүсэл мөрөөдөл, зорилго бий. Энэ зорилгоо биелүүлэхэд Сүмитомо корпораци тусалж байгаад үнэхээр баярлаж байна” гэв.

  Сүмитомо корпорацийн хамт олонд тогтвортой, үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд нийт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа амжилт хүсэе!

Зураг татаж авах

Гадаад харилцаа,  нийгмийн түншлэлийн алба

Affiliated schools