link

Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал боллоо
2012-05-31 01:19 Админ

2012-5-25-нд “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал амжилттай явагдаж газрын тосны мэргэжлийн чиглэлийн дотоод, гадаадын 30 гаруй байгууллагын 150 гаруй хүн оролцож, 40 гаруй илтгэлийг хэлэлцэж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулан шагнаж урамшуулав.

Улс үндэстний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засагт суурь ач холбогдолтой газрын тосны салбар нь “цооногоос түгээгүүр хүртэл…” гэсэн босоо интеграцчлагдсан тогтоцтой, нэгдмэл үйл ажиллагаатай байдаг үзэл баримтлалыг чиглэл зорилгоо болгож, итгэл сэтгэлээ өгч, хөдөлмөр чармайлтаа гаргаж 1995 оноос хойш эхлээд тэнхмийн, дараа нь бүрэлдэхүүн сургуулийн, ШУТИС-ийн, улмаар Газрын тосны мэргэжлийн салбарын, улсын, ноднингийн мэргэжлийн салбарын 70 жилийн ойнхоос эхлээд олон улсын хэмжээнд зохиогдох болсон “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол-практикийн энэхүү хурлыг ШУТИС, түүний бүрэлдэхүүний ГГТС, туслан дэмжигч, хамтран оролцогчид болох ЭБЭХЯ, түүний ТБГ, ГБГ, Газрын тосны газар, мэргэжлийн ТББ байгууллагууд болох Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, “Нефть хий” ассоциаци, Хийн түлшний аж ахуй эрхлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг бөгөөд уг хуралд газрын тосны салбарын дотоод гадаадын эрдэмтэд, мэргэжилтнүүд, судлаачид, оюутан суралцагчид, хайгуул олборлолтын болон газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн, мөн түүнчлэн сургалт-судалгаа-мэдээллийн байгууллага, хүмүүсийн төлөөлөл оролцож, эх орны газрын тосны салбарын түүхэн хөгжил, техник, технологи, менежмент, хүний нөөц, хөгжлийн ирээдүйн талаар өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлдэв. Уг хурал эх орны газрын тосны салбарын 71 жилийн ойн үеэр зохиогдож байгаагаараа онцлог юм.  

          Аливаа улс оронд газрын тосны салбар нь түлш эрчим хүчний цогцолборын хүрээнд харъялагдаж, хэрэглэгчдийг юуны өмнө түлш-шатахуунаар хангах зорилго бүхий эдийн засгийн суурь бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой салбар юм. Манай орон газрын тосны салбарын хөгжлийн түүхэн уламжлал, зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойших хөгжлийн шинэ үетэй, одоо эрчимжин хөгжих үндэстэй, хөгжүүлэх шаардлагатай байгаа болно.

          Эх орны газрын тосны хайгуул судалгааны ажил эрчимжиж, тодорхой хэмжээний баталгаатай нөөц тогтоогдож, дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулж, хэрэгцээгээ бүхэлд нь болон зохих хэсгийг нь хангах цаг тун ойртож байгааг, энд мэргэжилтний хэрэгцээ, судалгаа шинжилгээний ажил улам бүр өсөх нь дамжиггүй энэ хурал дээр ярив. Экологийн цэвэр, эдийн засгийн үр ашигтай хийн түлшний хэрэглээ бодит зүйл болж байгааг ч тэмдэглэв. Түлш шатахууныг зөвхөн газрын шингэн тосноос төдийгүй манайд асар их нөөцтэй нүүрс, шатдаг занар болон бусад уламжлалт бус эх үүсвэрүүдээс гарган авах судалгаа, туршилтын ажлууд ч хийгдэж байгаа, цаашид үргэлжлүүлэх шаардлагатайг чухалчлав.

          Хэдийгээр манай энэ салбар хөгжлийн 70 гаруй жилийн түүхэн замналыг туулж, хөгжиж, урагшилж байгаа боловч Монгол эх орон, хэрэглэгчид үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн суурь болох газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээгээр гадаадаас, тэр дутмаа, бараг нэг эх үүсвэрээс хамааралтай, энэ нь улс орны хөгжилд мэдэгдэхүйц нөлөөтэй хэвээр байгааг ярив.

      Одоог болтол улс орны эдийн засаг, хүн зоны хэрэглээ газрын тосны бүтээгдэхүүний үнээс ихээхэн хамааралтай, өөрийн түүхий эдийг боловсруулалгүйгээр гадаадад гаргаж, гадаадаас нэмүү өртөг шингэж, гаалийн татвар, тээврийн зардал шингэсэн бараа бүтээгдэхүүн авч хэрэглэн эдийн засгийн хараат байдлаас гарч чадахгүй байгаад хуралд оролцогчид шүүмжлэлтэй хандаж байв.

      Эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтэд судлаачид, энэ салбарт ажиллагч хэн бүхний идэвхи оролцоо, хүчин чармайлт, хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой юм.

 

  Хуралд оролцогчид

 “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын онол-практикийн XVIII бага хурлын шилдэг илтгэлүүд

1-р байр

Шууд нэрлэгийн бензиний фракцаас өндөр октант автобензин гарган авах боломж

Б. Өлзий,  А.В. Восмериков , М. Туяа

2-р байр

Увеличение нефтеотдачи месторождений вязких парафинистых нефтей                  композициями на основе ПАВ

Алтунина Л.К, Стасьева Л.А, Кувшинов В.А,

Цэвээнжав Ж,  Алимаа В, Пурэв А

3-р байр

 Цэвдэг хурдаст газрын тосны бүтээгдэхүүн хадгалах онол-арга зүй

А.Баасанжаргал

Тусгай байр

Биохий, биотүлш гарган авах технологи

Ц.Цэрэнбат

Тусгай байр

New model for calculating royalty rate  

B.Bolor, Kh.Erdenebulgan, Wang Zhen (Ph.D Prof)

Affiliated schools