link

Шинжлэх Ухаан Технологийн номын санд Ганжуур Данжуур их хөлгөн судрыг залах ёслол боллоо
2012-06-07 17:27 Админ

       Хүн төрөлхтний оюуны гайхамшигт өв Ганжуур Данжуур их хөлгөн судрыг залах ёслол 2012 оны 06-р сарын 06-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн номын санд болж өндөрлөлөө. Ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн сургалтын проректор Я.Наранцэцэг, Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн захирал Ч.Гулнар, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр, тус төвийн гүйцэтгэх захирал Б.Дарамбазар, санхүүгийн албаны дарга Х.Алтанхуяг, хэвлэл мэдээллийн ажилтан Э.Эрдэнэсувд ШУТИС-ийн уншигчдын төлөөлөл оролцлоо.

       ГАНЖУУР буюу ЗАРЛИГИЙН ОРЧУУЛГА нь хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэж, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай номлосон Бурхан багшийн хамаг сургаалын чуулган юм.

       Тэрхүү Бурхан багшийн аман зарлиг Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан томоохон бүтээл нь ДАНЖУУР буюу ШАШДАРЫН ОРЧУУЛГА бүтээл болой. Энэ 2 бүтээл нь Буддын их бага арван ухааны ЭШ онол багтсан нэвтэрхий толийн шинжтэй, утга агуулгын хувьд өргөн цар хүрээг хамарсан шинжлэх ухааны цогц мэдлэг юм.

       Ганжуур Данжуур нь санскрит, түвд, монгол, хятад, солонгос зэрэг дэлхийн цөөхөн улс орон өөрсдийнхөө хэл дээр буулгасан бөгөөд алт, мөнгө, зэс тэргүүтэн есөн эрдэнээр бүтээсэн орон дэлхийд монголоос өөр байрхгүй нь бидний эцэг өвгөдийн ур ухааны гайхамшиг бизээ.

Монголчуудын хувьд Ганжуурыг нэн эртнээс түүвэрлэн орчуулж ирсэн байна. Ганжуур 108-н боть /1161 зохиол/, Данжуур 225-н боть /4000 зохиол/ их хөлгөн судрыг кирилл бичгээр нь 400-н боть ном болгон хөрвүүлж байна.

Монгол түмний түүхэн улбаа, уламжлалт мэдлэг ухаан, ёс заншил, түүх соёлын шимт бүтээлүүд, оюуны давтагдашгүй их өв Монгол Ганжуур Данжуур их хөлгөн судрыг номын сандаа залсанд ШУТИС-ийн уншигчид ихэд билэгшээж байна.

 

Цагаан дарь эхийн єлмий дор залбирдаг шиг
Цаглашгүй, оюуны тунгалаг номоо мэлмийнхээ ємнє нээцгээе
Ашид энхийн мэлмий минь хүмүүн заяагаар тэгширдэг шиг
Алтан ГАНЖУУРЫН шимийг эгэл хүмүүс минь хүртэцгээ

Ном дор мөргөнөм

Ганжуурын орчуулгын тухай баримтаас...

 

Affiliated schools