link

ШУТИС-ийн багш Олон улсын Ноосон нэхмэлийн байгууллага (IWTO)-ын 81-р конгресст илтгэл тавилаа
2012-06-07 19:37 Админ

АНУ-ын Нью-Йорк хотод Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (International Wool Textile Organization, IWTO)-ийн 81-р конгресс 2012 оны 5-р сарын 5-9 нд амжилттай болж өндөрлөлөө. Монгол улс тус байгууллагын үндэсний хорооны бүрэн эрхт гишүүнээр 2010 онд элссэнээс хойш 3 дахь удаагаа оролцсон бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын орлогч дарга С.Рэгзэдмаа, ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, ШУТИС-ийн ҮТДС-ийн ахлах багш, Нэхмэлийн хүрээлэнгийн ННСТ-ийн захирал Р.Бадмаанямбуу, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цацрал, Сувд кашимер ХХК-ний захирал С.Баянзул нар амжилт дүүрэн оролцоод ирлээ.

Тус конгресст анх удаа Монгол улсыг төлөөлж Р.Бадмаанямбуу Overview of Mongolian Wool and Specialty Animal Fiber Industry and Further Possibilities for Collaboration сэдэвт илтгэл тавьж дэлхийн ноос, ноолуур үйлдвэрлэгч, боловсруулагч, худалдаалагч бизнесийнхэн болон мэргэжлийн холбоод, их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд, стандартчилал, тохирлын үнэлгээний байгууллагууд, хувцасны дизайнерууд, бодлого тодорхойлогчид, хэрэглэгчдийн төлөөлөл бүхий 250 гаруй оролцогчдийн сонирхлыг Монгол улсын зүг хандууллаа. Тэрээр илтгэлдээ Монголын ноос, ноолууран түүхий эдийн нөөц боломжийг дурдахаас гадна Нэхмэлийн хүрээлэн (MTI)-гийн Ноос, ноолуурын сорилтын төв (CWTC)-ийн итгэмжлэгдсэн лабораторийг IWTO болон Олон улсын ноосон нэхмэлийн лабораториудын холбоо (INTERWOOLLABS)-ийн гишүүнчлэлтэй болгож, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг тавив. Мөн Монголын нөхөн сэргээгдэх ховор онцлог ширхэгтээр үйлдвэрлэсэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн цаашдаа Mongolian Noble Fibre худалдааны тэмдэгтэй экспортод гаргах талаар мэдээлэл хийлээ.  

Түүнчлэн Монголын төлөөлөгчид тус конгрессын үеэр Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчид болох Алтай ХХК, Говь ХК, Эрдэнэт хивс ХК, Ээрмэл ХК, Монгол нэхмэл ХК, Санширо ХХК-иудын ноолуур, сарлаг, тэмээ, хонины ноосон нэхмэл, сүлжмэл, хивсэн шинэ нэр төрлийн өвөрмөц бүтээгдэхүүнүүд, үндэсний гар урлаачдын хонины ноосон чихмэл бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргаж олны шохоорхлыг татсан нь бас нэгэн онцлог үйл явдал байлаа.

Тус конгресс дээр АНУ-ын алдартай залуу дизайнерууд их хотын хувцас загвар, амьдралын хэв маяг, хандлагыг илэрхийлж, Австралийн WOOLMARK компанийхан нярай хүүхдэд зориулсан хөвөн даавуун бүтээгдэхүүнийг орлохуйц материал бол НООС гэдгийг нотолж, Швейцарийн Oekotex-тэй хамтран “Science + Product + Marketing” системээр чанар, аюулгүй байдлыг хангасан “Woolmark Baby” стандартын төслийн үр дүнгээ танилцуулж, ноосоор дотуур хувцас байтугай нярай хүүхдийн арьсанд ч нэн тааламжтай зөөлөн цоо шинэ бүтээгдэхүүн хийж болдогийг батлан харуулж чадлаа. Мөн Нидерландын алдарт Philips компани Германы Аахены Ноос судлалын институт (DWI-RWTH Aachen)-тэй хамтран нэхмэл материалыг таньж, температурыг автоматаар тохируулах системтэй инновацийн цоо бүтээгдэхүүн ухаалаг индүүг танилцуулж олны талархлыг хүлээв.

IWTO-ийн ерөнхийлөгч Англи улсын иргэн Peter Ackroyd тус конгрессын үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ: - “Ойрын жилүүдэд болсон хамгийн идэвхи оролцоотой, суралцууштай конгресс боллоо.  Учир нь дэлхийн орон бүрийн ноос үйлдвэрлэгч, боловсруулагчид Нью-Йоркын хувцас загварын болон амьдралын хэв маяг, тэргүүлэх зах зээлийн өнцгөөс ноосыг харлаа. АНУ-ын дизайнерууд залуу үеийнхэн ноосыг хэрхэн хүлээн авч байгаа, хэрэглээний чиг хандлага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн сурталчилан түгээх талаар санаачлагууд гаргалаа. Цаашдаа ч ноосны хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ” гэж тэмдэглэлээ.

Монгол улс тус байгууллагын гишүүний хувьд салбарын худалдаа, үйлдвэрлэлийн статистик, мэдээллийг  тогтмол авах, ноосон нэхмэлийн салбарт гарч буй шинжлэх ухаан, технологийн нээлтүүд, эрдэм шинжилгээ, инновацийн дэвшилтэт ажлуудыг судлах, нэвтрүүлэх, экспорт импортын бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн сорилт, баталгаажуулалтын лабораториудаар дамжуулж хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, IWTO-ийн стандарт боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, олон улсын лаборатори хоорондын ур чадварын сорилтод оролцох, бүтээгдэхүүний загварын шоу, үзэсгэлэнд оролцох, байгалийн нөхөн сэргээгдэх, ховор онцлог ширхэгтийн үйлдвэрлэл хэрэглээг дэмжих, ноосыг шинэ залуу үеийнхэнд сурталчилан таниулах зэрэг ажилд идэвхитэй оролцож, нэхмэлийн салбарын цаашдын хөгжил, гадаад зах зээл дэх байр суурийг бэхжүүлэхэд томоохон түлхэц өгч байна.

IWTO-ийн 82, 83-р конгресс 2013, 2014 онуудад Италийн Biella, ӨАБНУ-ын Cape Town хотуудад тус тус зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү.

http://www.iwto.org/events/pasts-events/11/

 

Монголын төлөөлөгчид IWTO-ийн Ерөнхийлөгч Peter Ackroyd-ын хамт 81-р конгрессын үеэр.
Зураг дээр зүүн гар талаас: С.Баянзул, Д.Алтанцэцэг, Д.Цацрал, С.Рэгзэдмаа, P.Ackroyd, Р.Бадмаанямбуу, Б.Батцэцэг

 

Р.Бадмаанямбуу илтгэл тавьж байгаа нь.

Affiliated schools