link
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Марааны буланд машин техникийг татан гарах ажиллагааг амжилттай хийж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ШУТИС-ийн багш нартай ШУТИС-ийн ректор Т.Намнан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.
Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн ОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиудын алба хаагчид томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Татан гаргах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмж, ферм, гүүрийг дэд ажлын хэсгийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд болох ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзана, Нээлттэй боловсролын төвийн дэд захирал, механик инженер, судлаач, багш Р.Найдандорж, Механик, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Я.Рэнчинванжил, Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн дэд профессор П.Өлзийсайхан, Хэрэглээний шинжлэх, ухааны сургуулийн Физикийн тэнхимийн зөвлөх профессор Л.Хэнмэдэх нар зохион бүтээж өөрсдөө хийсэн бөгөөд эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу Хөвсгөл нуурт живсэн зургаан техник хэрэгслийг татан гаргаж, 34.7 тн бохирдлыг аюулгүй болгожээ.
Энэ оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит трактор, Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашин, Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашин, 1981 онд живсэн 74 метрийн гүнээс Зил-130 автомашиныг тус тус татан гаргажээ.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгах ажлыг зохион байгуулж, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа.
ШУТИС-ийн хувьд дээрх татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нь томоохон түүхэн үйл явдал болж байна. Гурван жилийн хугацаанд хамтран ажиллаж, Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийж далайн гүнд живсэн техник хэрэгслийг татан гаргах симуляцийг манай багш нар удирдан гардаж хийжээ. Багш нарын хийсэн судалгааны үр дүнд суурилж хөвдөг хөвүүрэн ферм гүүрийг угсарсан байна. Манай багш нар богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж туршиж амжилттай хэрэгжүүлснийг олон улсын байгууллага өндрөөр үнэлж байгааг онцлон хэлсэн. Монгол эрдэмтэн судлаачдын судалгааны ажил, онолыг үр дүн, практик дээр хэрэгжсэн анхны үйл явдал боллоо.
ШУТИС-ийн эрдэмтэн, багш нар 1985 онд живсэн, 309 тн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг 16 метрийн гүнээс татан гаргах ажиллагааны инженерийн тооцооллыг 2021 онд амжилттай гүйцэтгэж байсан юм.
Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт, Монгол улсын нийт цэнгэг усны 74%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулдаг Хөвсгөл нуурыг авран хамгаалах, цэвэр цэнгэг байдлыг хадгалахад амжилттай оролцож байгаа алба хаагч, багш нартаа ШУТИС-ийн ректор Т.Намнан эрдмийн хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь ажилт хүслээ.
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened