link

Таван толгой, Оюу толгой монголын ирээдүй биш оюунлаг монгол хүн бидний гол баялаг
2013-03-20 20:04 Админ

ШУТИС-ийн Бизнес, Инновацийн газрын дарга Д.Хашбаяртай уулзаж ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Би 1974 онд төрсөн. Баянхонгор аймгийн дунд сургууль, Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, МУИС-ийн Математикийн сургуулийг төгссөн. Математикч мэргэжилтэй. Ажлын туршлагын талаар гэвэл МУИС, МУБИС, Барилгын технологийн коллеж зэрэг боловсролын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсролын газар, “MTS” ХХК, “BTK” ХХК зэрэг бизнесийн байгууллагад ажиллаж байлаа.

-Хэзээ ажлаа хүлээж авав?

-Энэ оны хоёрдугаар сарын нэгнээс ШУТИС-ийн Бизнес, инновацийн газрын даргаар ажиллаж байна.

-Бизнес, инновацийн газрыг шинээр байгуулсан нь ямар зорилготой вэ?

-2012 онд инновацийн тухай хууль батлагдсан юм. Энэ нь монголчуудад оюуны баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж бодит баялаг бий болгох боломжийг нээж өгсөн. Гэхдээ дагалдаж гарах дүрэм журам нь гараагүйгээс үр дүн нь хүлээсэн хэмжээнд хүрээгүй байна. Манай сургууль Монгол Улсын технологийн хамгийн том төвийн хувьд энэ ажилд манлайлан оролцож үр ашгийг хүртэх нь ёстой. Энэ нь манай газрын гол зорилго юм.

-Та өнгөрсөн хугацаанд юуг хийж амжуулав?

-ШУТИС-ийн дэргэд гарааны компани, ШУТИС-ийн хөрөнгө оруулалттай компани байгуулах түр журмыг ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Мөн эрх зүйн хувьд үйл ажиллагаанд маань саад болж байгаа дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг холбогдох хүмүүстэй хамтран боловсруулсан. Энэ нь шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөр, "эрдэм боловсролтой монгол хүн" хөтөлбөрүүдтэй нийцэж байгаа тул үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

-Сургууль дэргэдээ компани байгуулснаар сургуульд ямар ашигтай вэ?

-Түр журмаар сургууль 33 хувийн хувьцаа эзэмшихээр байгаа. Эндээс олсон ноогдол ашгийг эргээд дараагийн компани байгуулах, үр дүнд нь инновацийн бүтээгдэхүүн гарах эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх болон багш ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдах юм.

-Сургууль өөрөө бизнес эрхлэх боломж бололцоо бий юу?

-Инновацийн хуулиар компани байгуулж болох мэт харагдаж байгаа ч дээр дурьдсан хуулийн өөрчлөлтүүдийг хийхгүй бол эрх зүйн хувьд боломжгүй.

-Тэгвэл компаниуд байгуулах ажил одоо ямар шатандаа явна?

-Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүн шалтгаан олдоно. Ямар ч байсан холбогдох хуулиудыг зөрчилгүйгээр таван компани байгуулах бизнес төлөвлөгөө бэлэн болоод байна. Үүнээс хоёрыг нь хөрөнгө оруулалтын гэрээ хийх замаар гурвыг нь нийтэд зарлаж дүрмийн санг бүрдүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлнэ. Эдгээрт манай багш ажилтнууд, оюутнууд ч хүртэл хөрөнгө оруулалт хийж үр ашгаас нь хүртэх боломж нээлттэй. Мөн 10 гаруй компани байгуулах материалуудыг судалж байна.

-Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хэчнээн хугацаа орох вэ?

-Өнөөдрийн Балжиннямтай өлзийт өдрийн морин цагт компаниудын танилцуулгыг нийтэд зарлаж дүрмийн санг бүрдүүлэх ажил эхэлнэ. Үүнээс цаашхи ажил нь компанийн дүрэм бусад хуулийн хүрээнд хийгдэнэ.

-Өөр ямар боломжууд байна вэ?

-Манай сургуулийнхан Хятад улсад инновацийн хоёр компани байгуулах зөвшөөрлийг авахад ойрхон байна. Хятадын зах зээл бол бизнесмен болгоны мөрөөдөл юм. Энэ ажлыг судлах ажлын хэсэг удахгүй тус улсыг зорино. Өндөр технологийн компаниуд байгуулах саналыг хамтран ажилладаг их сургуулиудад хүргүүлэхээр бэлтгэж байна. 

-Таны ойрын үед хийх ажил юу байна?

-Ирэх есдүгээр сар гэхэд венч хөрөнгө оруулалтын компанийг инновацийн хуульд зааснаар байгуулах нь бидний хамгийн чухал зорилт болж байна. Ингэснээр бусдаас хараат бус хөрөнгийн эх үүсвэрээр өөрсдийн бизнесийг дэмжих боломж гарна. Цаашлаад компаниуд маань амжилттай ажиллаж хамтран банк байгуулах хэмжээнд хүрээсэй гэж бодож байна.

-Төгсгөлд нь та уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

Таван толгой, Оюу толгой монголын ирээдүй биш оюунлаг монгол хүн бидний гол баялаг юм. Монгол хүний саруул ухаан, эрдэм чадал дэлхийд өрсөлдөх чадвартай гэдгийг бүгдээрээ нийлж харуулцгаая.

Affiliated schools