link

IAESTE DAY 2013 өдөрлөгийг зохион байгуулав
2013-10-29 02:14 Админ

IAESTE нь их дээд сургуулиудын боловсрол, үйлдвэрлэл, оюутны эрх ашгийг холбож ажилладаг төрийн бус байгууллага юм.  2013 оны 10 дугаар сарын 22-ний өдөр IAESTE Day өдөрлөгийг ШУТИС- дээр хамтран зохион байгуулсан бөгөөд  IAESTE Mongolia -ийн Үндэсний нарийн бичгийн дарга Ц.Сарантуяа болон Монголд дадлага хийж буй Герман, Австри, Тайланд , Испани, Польш оюутнууд , ШУТИС-ийн тус солилцоонд хамрагдсан залуу багш, оюутнууд оролцож тайлангаа тавилаа.

 

Мөн гадаад дотоодын  оюутнууд нь өөрийн орны амтат хоол авчирч,  түүх соёлын тухай өөр хоорондоо ярилцаж байсан нь тус өдөрлөгийн нэг онцлог болж өнгөрөв.

 

ШУТИС-нь тус байгууллагад МУ-ыг төлөөлөн хамтарч ажилладаг байгууллага байдлаар 2001 онд элссэн бөгөөд 2006 оноос жинхэнэ гишүүний эрхтэйгээр ажиллаж байгаа юм.Тус байгууллагад элссэнээр Монголын залуу багш нар болон бакалавр, магистр, доктор оюутнуудад өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургууль, нэртэй компаниудад нэг сараас нэг жилийн хугацаатайгаар өөрийн мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээс гадна хэлнийхээ мэдлэгийг сайжруулах өргөн бололцоо олгодог юм. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 262 гаруй монгол оюутан, багш нар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дадлага хийсэн бөгөөд гадаадын 231 оюутан Монголд дадлага хийсэн байна.  IAESTE байгууллагын 2012 оны тайлангаас харахад 1 хүнд оногдох орлогод хүлээж авсан гадаад оюутны тоог нь харьцуулсан судалгаагаар 84 орноос Монгол 1-р байранд жагсжээ. Энэ нь зуны цагаар ч түүртэхгүйгээр гадаад оюутнуудыг ажиллуулсан манай профессор багш нарын ажлын үр дүн билээ. Жил бүр гадаад оюутнуудад ажлын байр санал болгон идэвхтэй ажиллаж ирсэн багш нараас онцловол  ШУТИС-ийн профессор С. Давааням, С.Цэвэл, Х. Энхжаргал, Х. Батхүрэл, Я. Дүйнхэржав, С. Байгалтөгс, С.Чулуунхуяг, Б.Отгонбаяр нар юм. Мөн МУИС-ийн профессор Г. Батхүү, С.Даваасамбуу, ЭМШУИС-ийн Б.Батбаатар, ХААИС-ийн Г.Гомбажав нарыг ч дурдах хэрэгтэй билээ.  Мөн гадаадад 1 сая хүнд оногдох явуулсан оюутны тоогоор сүүлийн жилүүдэд тогтмол эхний 15 орон дотор багтаж ирлээ. Оюутан солилцооны ажлыг дэмжин ажилласан бүх захирал, профессор багш, оюутнуудад баярлалаа.


ТГ

Affiliated schools