link

Дэвшилтэт технологи,иннвацийн бүтээгдэхүүн-2008
2008-11-10 20:27 Админ
  "Дэвшилтэт технологи,иннвацийн бүтээгдэхүүн-2008" үзэсгэлэн, " Инновацийн хөгжил ба Монгол Улс" эрдэм шинжилгээний хурал 2008 оны 11-р сарын 6-8-ны өдрүүдэд Мэдээллийн технологийн Үндэсний паркад болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг БСШУЯ, ШУТИС хамтран зохион байгуулж, МУИС, ШУА, ШУА-ийн ФТХ хамтран зохион байгуулагчаар оролцсон юм. Хурлын гол зорилго нь Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан "Монгол Улсын шинжлэх ухаан технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө", "Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр /2008-2015 он/" болон "ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажлыг 2007-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манайд нанотехнологи ямар төвшинд хөгжиж байгаа, цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлын талаар манай орны болон гадаадын эрдэмтэд, судлаачдын эрдэм судлалын бүтээлийг хэлэлцэхэд оршиж байсан юм. Хуралд манай орны гол их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд, БНХАУ, ОХУ, БНСУ, ХБНГУ, АНУ, Ирландын вант улс зэрэг орнуудын судлаачдын хамтарсан бүтээл оролцсон нийт 50 гаруй илтгэл тавигдлаа. Үзэсгэлэнг нээж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр үг хэлсэн. Нээлтийн туузыг мөн Ё.Отгонбаяр сайд, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Чадраа, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар хайчилсан юм.  Хурлыг нээж ректор Б.Дамдинсүрэн хэлэхдээ, 2007 оны 1-р сард Монгол улсын ШУТ-ийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг улсын хэмжээний ШУТ, инновацийн чухал баримт бичгүүд батлагдан та бидний өдөр тутмын үйл ажиллагааны чиглэл болон хэрэгжиж, үр дүнгээ өгч эхлээд байна.

Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр нь дотроо 4 дэд хөтөлбөртэй ба үүний нэг нь "Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр" юм. Уг дэд хөтөлбөр нь дотроо нанотехнологи, биотехнологи, мэдээлэл харилцаа холбоо гэсэн 3 үндсэн чиглэлтэй.

2008 онд дэд хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ-наас Нанотехнологийн чиглэлээр төсөл шалгаруулан, төслүүд нь одоо үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

"Нанотехнологийн хөгжил ба Монгол улс" сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсад нанотехнологийн төсөл хэрэгжиж эхлэж байгаа цаг мөчид зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Энэ хурлын үр дүнд манай орны эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээний үйл ажиллагаагаа уялдуулан хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх боломж нээгдэнэ гэж найдаж байна гэсэн юм.

Affiliated schools