link
-ШУТИС дээр Боловсролын салбарынхантай уулзсан уулзалтанд Монгол улсын Ерөнхий сайд С. Батболдын хэлсэн үг- Энд хүрэлцэн ирсэн багш, сурган хүмүүжүүлэгчид боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, ажиллагсад, оюутан, сурагчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, БСШУЯ-ны хамт олны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдрийн энэхүү уулзалтыг би ихэд бэлэгшээж байна. Энэ сайхан номын санд та бүхэнтэй уулзаж Боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж нэрлэж байгаадаа баяртай байна.
Засгийн газар танхимынхаа гишүүдийг бүрдүүлэн, УИХ-аар томилуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэй болоод байгаа ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр та бүхэнтэй уулзаж байна. Нөгөө талаар улс орон даяар томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар дэгдэж, нийт ажил, үйлчилгээ түүний дотор дунд боловсролын салбарт багагүй хүндрэл учирч байгаа энэ үед Та бидний уулзалт тохиож байгаа нь онцлогтой юм.
Цаг зуурын энэ бэрхшээлийг даван туулах талаар улс орон даяар хэн хүнгүй зүтгэж энэ үед боловсролын салбарынхан маань хүүхдүүдийн сургалтыг тасалдуудахгүй байх талаар бодож, эрэлхийлж, теле болон радио хичээл зэрэг сургалтын шинэ арга хэлбэрийг сэдэж, санаачлагатай ажиллаж байгаад юуны өмнө та бүхэнд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэн үнэхээр эх оронч, ажлынхаа төлөө, манай улсын ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгааг улс орон даяар харж, Та бүхний ажлыг дэмжиж байгаа.
Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, нийгмийн эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж, улс эх орныхоо хөгжлийн бололцоог бодит ажил хэрэг болгох ёстой гэсэн бодлын үүднээс бид хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэвээр хадгалах миний байр суурийг УИХ дэмжиж өгсөн. Үнэнийг хэлэхэд өнөөдөр албан тушаалын хуваарилалт, халаа сэлгээ ярьж суух цаг биш, ажлын хариуцлагаа дээшлүүлж, эрхэлсэн ажилдаа эзэн сууж, ихийг бүтээхийн төлөө шамдаж ажиллах цаг юм. Засгийн газраа үргэлжлүүлэн ажиллуулна, тогтвортой байдлыг хангана гэдэг бол шинийг сэдэхгүй, хийхгүй гэсэн үг биш ээ. Бидэнд хэлбэрийн өөрчлөлт, халаа сэлгээ гэхээсээ сэтгэлгээ, үйл ажиллагааны өөрчлөлт, эргэлт гаргах шаардлага байна.
Өнөөдрийн Та бидний уулзалт ёслолын чанартай уулзалт гэхээсээ илүү бодлогын, ажил хэргийн, ирээдүйн шинэчлэлийн салхийг хагалсан, алсдаа сайн үр дагаварыг авчирсан уулзалт болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Би Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны агуулга зорилгыг томъёолохдоо “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” гэж УИХ-ын индрээс хэлснийг Та бүхэн санаж байгаа байх. Хөгжлийн төлөө хүний нэн тэргүүний хэрэгцээ бол боловсрол, мэдлэг. Иймээс ч Монгол хүн боловсролтой байх ёстой гэж би хэлсэн юм. Боловсрол, мэдлэг бол дэвшил, хөгжлийн хөшүүрэг байж ирсэнийг хүн төрлөхтөний түүх, түүний дундаас Монгол улсын түүх нотолдог. ХХ дугаар зууны Монгол орны үсрэнгүй хөгжлийг боловсролтой олон арван мянган боловсон хүчин авчирсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Бид тэр үедээ л тэргүүний гэж үзэгдэх боловсролын тогтолцоог улс орондоо бий болгож чадсан. Өнөөдөр дэлхийн хөгжлийн чиг хандлага, улс орны маань өнөөгийн хөгжлийн шаардлага дэлхийн түвшинд хүрэх, өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог эх орондоо бий болгохыг шаардах боллоо. Өнөөдөр энэ талаар, боловсролын салбарын бодлогын талаар Та бүхэнтэй санал хуваалцая гэж бодож байна.
Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх, үүнтэй холбогдон улс орны эдийн засгийн хувьд багагүй хөрөнгө оруулалт орж, төсвийн орлого нэмэгдэж, амьдрал сайжрах өндөр хүлээлт олон нийтийн дунд байна. “Хүний хөгжил санд” тодорхой хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах асуудлыг өнөөдөр УИХ хэлэлцэж байна. Монгол хүний хөгжлийг боловсролгүйгээр төсөөлөх аргагүй. Нөгөө талаас, боловсролын салбарт орж ирж байгаа болон цаашид орох хөрөнгө оруулалтыг зөв тогтолцоонд бодитой үр дүн гаргаж ашиглахыг цаг үе Та биднээс шаардаж байна. Орж ирэх хөрөнгө, мөнгийг ёроолгүй саванд ус хийж байгаа мэт эсвэл суурь хазгай барилгад мөнгө зарах мэтээр үр ашиггүй зарцуулмааргүй байна. Үүний тулд боловсролын тогтолцоогоо бүхэлд нь нэг эргэн харж, үндэс сууриа зөв тавихад анхаармаар байна.
“Хүн болох багаасаа “ гэж гүн утга шингэсэн ардын сайхан сургааль үг бий. Хүний хүмүүжил, боловсролын суурийг 2-3 наснаас өгч эхлэх ёстойг орчин үеийн сурган хүмүүжил, сэтгэл зүйн шинжлэх ухаан нотолж байна. Улс үндэстнийхээ ирээдүй болсон нялх балчир үрсээ бид ээлтэй орчинд, энэрэлтэй багш нарын ивээл дор, эх орондоо хайртай, зөв хүмүүжилтэй иргэд болгон өсгөн, хүмүүжүүлэх нь стратегийн аль нэг орд газрыг эзэмших, эргэлтэд оруулахаас илүү ач холбогдолтой, утга агуулгатай чухал зорилт гэж хувьдаа үзэж байна. Гэтэл өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын салбарт бидэнд бодох хийх зүйл асар их байна.
Энэ салбарт өнөөдөр цэцэрлэгийн хамран сургалт, тэгш хүрэлцээний асуудал үнэхээр дутагдалтай байгааг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Цэцэрлэгийн насны хүүхдийн дөнгөж 58.6 хувь нь цэцэрлэгт явж байгаа дүн мэдээ бидэнд байна. Нийслэлийн Сонгино Хайрхан дүүрэгт цэцэрлэгийн насны 17 211 хүүхэд байхад 6319 суудалтай 43 цэцэрлэг байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт Чингэлтэй дүүрэгт 54.8, Баянзүрх дүүрэгт 44.5, Баян-Өлгий аймагт 41.7, Дорнод аймагт 61.3, Хөвсгөл аймагт 55.6, Өмнөговь аймагт 56.8 хувьтай байна. Аймаг, дүүргүүд тэгш биш, цэцэрлэгийн суудлын тоо эрс дутмаг байгаа нь харагдаж байна. Боловсролын тогтолцооны энэ хүрээ нийтдээ орхигдмол мэт, тэгш бус байгаа нь бидний нэг том алдаа гэж хэлж болохоор байна. Бид сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд тохирсон боловсрол хүмүүжлийг нь олгох, тэгш, хүртээмжтэй, зөв тогтолцоог бүрдүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн бэлтгэл, боловсрол, ёс зүй, нийгмийн асуудлыг зохих ёсоор анхаарсан тогтолцоог бий болгох ёстой. Иймээс нэг мянган өрхөд ноогдох цэцэрлэгийн индексийг гаргаж, ойрын үед суудлын тоог эрс нэмж, ээлтэй сайхан орчин бүрдүүлэхийн төлөө бид ажиллах ёстой. Энэ салбарт хямд төсөр өртөгөөр, шинэ технологи ашиглах боломж ч бидэнд байна. Жишээлбэл Канадын технологиор цэцэрлэг барихад хэд дахин хямд барьж болж байна. Энэ бүхнийг идэвхтэй судалж, санаачлагатай ажиллахыг БСШУЯаманд үүрэг болгож байна. Цэцэрлэгийн багшийн сургалт давтан сургалтыг сайжруулж, тэдний нийгмийн асуудалд ч Засгийн газар анхаарал хандуулах цаг болжээ. Багш нь яагаад бухимдалтай байгааг ойлгохгүй бяцхан үрстэй ээжийн оронд ээж болж ажиллаж байгаа багш нарынхаа амьдралыг хүний чинээнд байлгахын төлөө санал, санаачилга гаргахыг яамны хамт олноос би хүсч байна.
Бид Ерөнхий боловсролын стандартыг сайжруулах талаар чамгүй олон жил ярьлаа. Сургалтын шатлал, хөтөлбөр, стандартын шинэчлэлийг хийж, эрэл хайгуул тасралтгүй л үргэлжилж байна. Манай сургалтын стандарт ямар орныхтой төстэй вэ гэдэг асуултад хариу өгөх хүн тэр бүр олдохгүй юм. Дэлхийн түвшинд ойртсон монгол маягийн стандарт юм уу даа гэж өөрөө өөрсдийгөө ярьу байна. Боловсролын стандарт дэлхий даяар универсал болж, нэгдмэл загвар луу шилжиж байгаа өнөө үед бид энэ чиглэлд тэмүүлэхээс өөр аргагүй. Ямар бодлогоор стандартаа яаж сайжруулах, яаж дэлхийн түвшний боловсролыг улс орондоо оруулж ирэх вэ гэдэг чиглэлд одоо тодорхой зорилт дэвшүүлж, зоригтой алхам хийх цаг болжээ.
Саяхан Нийслэлийн Орчлон сургууль Кембрижийн их сургуулийн олон улсын стандартад нийцэж, Кембрижийн гэрчилгээ олгох эрхтэй боллоо. Бид чаддаг юм байна, болдог юм байна гэдгийг энэ жишээ бэлхнээ харуулж байна.
Тэгвэл одоо Кембрижийн стандартыг Ерөнхий боловсролдоо баримжаа болгож авъя гэдэг зоригтой зорилт бид тавибал яасан юм бэ. Эхлээд 3 сургуулийг, дараа нь гучин сургуулийг ийм стандарттай болгохын төлөө ажиллая. Олон улсын стандартад нийцсэн боловсрол олгохоор ажиллах жишиг сургуулиудаа даган, бусад сургуулиудынхаа стандартыг сайжруулья. Амаргүй хүнд зорилт, асар их хүч шаардах ажил гэдгийг би сайн ойлгож байна. Хүч хөрөнгө ч багагүй шаардана гэдгийг ч ухаарч байна. Гэхдээ ийм зорилт тавиад зориглон ажиллавал урагшаа томоохон үсрэлт хийж дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай боловсролыг Монголдоо бид авчирна. Монгол хүүхэд сургуулиа төгсөөд Харвардын их сургуульд очиход Кембрижийн стандартын гэрчилгээтэй, шууд элсэн орж чаддаг байх ёстой. Тийм болохоор энэ зорилтыг бид зориглон тавьж, үүний төлөө ажиллах ёстой. Засгийн газраас Та бүхний ажлыг бүх хэлбэрээр дэмжье. Боловсролын салбарт энэ эргэлтийг хийхээр хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна. Дэлхийд шилдэг боловсролын эталонд тооцогддог Кембрижийн боловсролыг хамтдаа Монголдоо авчиръя. Хүсэл, зоригоо нэгтгэн хөдөлбөл болохгүй гэх газаргүй.
Багш гэдэг нэр хүндтэй мэргэжил. Шинэ тогтолцоо, шинэ стандарттай уялдуулаад багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх тогтолцоонд бид анхаарлаа хандуулж, хөрөнгө хүч зарцуулах ёстой. Багшийн хөгжлийн ордноо даруйхан байгуулж, багш нарын мэргэжил дээшлүүлэх байгууллагыг бий болгох, түүнд болон орон нутгийн байгууллагуудад тулгуурласан багшийн мэргэжил дээшлүүлэх, сургалт, давтан сургалтын үр дүнтэй, нийтийг хамарсан тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.
Даяаршсан өнөөгийн ертөнцөд зөвхөн албан ёсны боловсролоос гадна хүнийг иргэншүүлж, нийгэмшүүлэх, эдлэх ёстой эрх, хүлээх ёстой хариуцлагыг нь ойлгуулдаг, амьдралын бүдрээ нугачаанд хөлөө олоход нь тус дэм болдог амьдрах ухааныг зааж сургадаг иргэний боловсролын тогтолцоо шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Энд би бага балчир насанд нь хүмүүжлийн үндэс суурийг нь тавьж өгдөг, өсвөр насанд нь эрх үүргийг нь ойлгуулж өгдөг, амьдралын гараан дээр ирэх дөхөхөд нь амьдрах ухаан, арга барилыг нь зааж өгдөг, дээд боловсрол эзэмшээд гарахад нь хөрвөх чадвартай болгож өгдөг тогтолцоог ойлгож ярьж байгаа юм. Энэ нь иргэний насан туршийн боловсролын тогтолцооны амин чухал хэсэг болох ёстой бөгөөд одоогийн боловсролын тогтолцооны чухал нэгэн хэсэг байх ёстой гэж бодож байна. Боловсролын тогтолцоонд иргэний боловсролын агуулгыг шингээж өгөх талаар ч бодох цаг ирсэн байна.
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Монгол Улс шинэ аж үйлдвэржилтийн гараан дээр байна. Шинээр эхлэх уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүчний томоохон төслүүд мэргэшсэн ажилчид шаардах болно. Өнөөдөр 66 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 42 000 хүүхэд сурч байна. Төрөөс эдгээр хүүхдүүдэд тэтгэлэг олгодог нь ч тооны өсөлтөд нөлөөлж байгаа. Гэтэл удахгүй эхлэх томоохон төслүүдийн шаардлагад нийцэх ажилчид бид бэлтгэж гаргаж чадаж байна уу? гэдэг асуултад хариулах ёстой. Мэргэжлийн болвсролын тогтолцоог зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх сургалтын хөтөлбөрийг орчин цагийн шаардлагад нийцүүлж өөрчлөх, МСҮТөвүүдийн суудлын тоог нэмэх зэрэг чиглэлд бодлогын олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ чиглэлд АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн томоохон төсөл хэрэгжиж, зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах ажлыг Кембрижийн Их сургуулийн баг гүйцэтгэж байгаа нь сайшаалтай. 2009 онд дээд боловсролын байгууллагад элсэж буй оюутны тоо цөөрч, МСҮТөвүүдэд суралцагсадын тоо нэмэгдсэн нь ч зөв чиг хандлага гэж би үзэж байна. Энэ чиг хандлагыг гүнзгийрүүлэх байдлыг эргэлт гаргах алхам хийхээр бид ажиллах ёстой.
Эцэг эхүүдэд хандаж хэлмээр зүйл ч байна. Өнөөгийн ертөнц прагматик болжээ. Ямар сайхан дипломтой вэ гэхээсээ ямар цалинтай ямар ажил хийж болох вэ гэдэг нь чухал болоод байна. Дээд боловсролтой боловч ажилгүй байснаас мэргэжлийн боловсролтой, цалинтай, ажилтай байх нь дээр гэдгийг ч бодох шаардлагатай байна.
Дээд боловсролын тогтолцоо манай боловсролын салбарын нэгэн чухал хүрээ мөн. Энэ хүрээнд олон нийт шүүмжлэлтэй хандах нь цөөнгүй гэдгийг та бид мэднэ. Монгол Улс эдүгээ 148 дээд боловсролын байгууллагатай, 161000 оюутантай байна. Зөвхөн 2009 онд л гэхэд 35 000 залуу дээд сургуульд элсэн орлоо. Тооны хувьд бол иймэрхүү дүр зурагтай байна. Харин хамгийн гол нь чанар. Чанарын хувьд байдал бас тийм ч сайнгүй байна гэдэгтэй та бид бүгд санал нийлэх байх.
Зах зээлийн эрэлтэд биш, нийлүүлэлтэд тулгуурлсан нүсэр бүтэцтэй дээд боловсролын тогтолцооноос төгсөн гарч буй оюутнууд олон мянгаараа ажилгүйчүүдийн эгнээнд элсэн орж байгаа нь нууц биш. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд нийт төгсөгчдийн дөнгөж 34 хувь нь ажилтай болжээ. Үүнээс хичнээн нь мэргэжлийнхээ дагуу ажилтай болсон тухай судалгаа ч бидэнд одоогоор алга. Эрдэм, боловсрол эзэмшсэн хүн ийм байдалд хүрч байгааг бид хэрхэн ойлгох вэ? Ямар дүгнэлт хийх ёстой вэ?
Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Эрдмийн үндэс гашуун ч эцсийн үр дүн нь урамтай” гэж хэлсэн байдаг. Бид үндсийг нь ч, үр дүнг нь ч гашуун байлгадаг байж таарахгүй. Энэ тогтолцоог зах зээлийн эрэлтэд нь нийцсэн боловсон хүчин гаргадаг, төгсөгч нь ажлын байртай болгодог болгож өөрчлөх шаардлага зүй ёсоор урган гарч байгааг саяын тоо баримт бидэнд хэлж байна.
Үр хүүхдээ боловсролтой болгох гэж үсээ зулгааж олсон эцэг, эхийнх нь хэдэн мөнгийг нь, орлогыг нь залгиад, эцэст нь ажлын байргүй хэн нэгнийг амьдралынх нь тойрогт нь, заяа тавиланд нь бас даатгаад хаядаг байж бүр ч таарахгүй. Дээд боловсрол олж байгаа нь ч, олгож байгаа нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа чанарыг эрхэмлэж, дэлхийн хаана ч очсон өрсөлдөх чадвартай, өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргадаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллая. Чанартай боловсрол үнэтэй байж таарна гэдгийг би ухаарч байна. Үнэтэй юм бас зүгээр олдоггүй гэдгийг ч хэн хүнгүй ойлгоно. Бид дээд боловсролын үнэлэмжийг дээшлүүлж, энэ салбарт эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийхийг амьдрал та биднээс нэхэж байна.
Юуны өмнө өөрчлөлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой. Төрийн өмчийн 40 гаруй сургуулийг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийж, чанартай боловсрол олгодог томоохон сургуулиуд болгох шаардлага байна. Дээд боловсролын байгууллагуудын аттестатчиллыг энэ хичээлийн жилд багтаан эхлүүлвэл зохистой юм. Чингэж байж чанартай, цөөн сургуультай болох тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх эхлэл тавигдана. Мэдээж энэ бүхэн амаргүй. Гэхдээ шударга өрсөлдөөн, цэвэр шалгаралд үндэслэсэн, чанартай сайн их, дээд сургуулиудтай болох юм бол төр дээд боловсролд мөнгө зарахад харамсах зүйлгүй.
Их, дээд сургуулиудыг цаашид оюутны хотхон маягаар хөгжүүлж, орой болохоор баар, цэнгээний газраар хэсэх боломжийг нь бүрдүүлсэн одоогийн энэ маягаар биш, номын сан, уншлагын танхимаар хэсдэг тогтолцоог үүсгэх хэрэгтэй. Их, дээд сургуулийн хотхон эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын төв болохоос гадна үйлдвэрлэл, бизнесийн холбоог тогтоосон, түүнд боловсон хүчнээ нийлүүлдэг уурхай болон хөгжих ёстой.
Төрөөс дээд боловсролд өнөөдөр ч багагүй хөрөнгө зарж байна. Сургалтын төрийн сангаар жилд 30 тэрбум төгрөг, дээд боловсролын байгууллагын шууд зардалд 4 тэрбум төгрөг зарцуулж байна. Багагүй мөнгө байгаа биз? Сургалтын төрийн сангийн тогтолцоог шинэчлэн, цаашид сурлагын түвшнээс хамаарч санхүүжүүлдэг болгомоор байна. Хэний хүүхэд байхаасаа хамаарч, муу ч сурсан хамаагүй төрийн дэмжлэг авдаг шударга бус тогтолцоог халж, сурч чадсан нь дэмжлэг авдаг болгох нь сургалтын чанарт ч , нийгмийн шударга ёсонд ч нийцнэ. Энэхүү шинэчлэлтэй холбогдсон хууль эрх зүйн орчныг бий болгоход Засгийн газар анхаарч ажиллана.
Их, дээд сургуульд сурч байгаа оюутныг төгсөх курсыг нь дөхүүлээд зах зээлийн зарчимд нийцүүлэн аж ахуйн нэгж, байгууллагын захиалгатай болгож, үйлдвэрлэлийн дадлагыг эртнээс хийлгэх, төрийн дэмжлэгээс гадна аж ахуйн нэгж байгууллагын тэтгэлгийг олгодог болгуулах, ингэж ажиллаж буй аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих, багш, тэнхим, сургууль нь оюутнаа ажилтай болгохын төлөө ажилладаг, чингэж чадвал тухайн сургуулийг, багшийг төрөөс дэмждэг тогтолцоо бий болгохын төлөө ажиллана. Та оюутнаа улс орны эдийн засагт, нийгэмд хэрэгтэй бүтээгдэхүүн болгож, нийлүүлж чадсанаа баталж, нотолж, харуулж чадвал Таныг төрөөс дэмжиж, санхүүжүүлдэг байх нь шударга ёсонд нийцнэ биз ээ. Ингэвэл сургалтын төлбөрт дулдуйдан, оюутны тооны хойноос хөөцөлдөж, чанараа үгүйсгэсэн буруу тогтолцооноос бид ангижирч, чанартай сайн мэргэжилтэн бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоог төр бий болгоно.
Дан ганц санхүүжилтээр чанартай дээд боловсролын тогтолцоог үүсгэхгүй гэдэг нь ойлгомжтой. Дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд төрөөс бусад дэмжлэгийг ч үзүүлэх ёстой. Их, дээд сургуулийн багш нарыг өндөр хөгжилтэй оронд сургах, ТОП 100 их сургуулиудаас багш нар урьж авчирч, багшлуулахад төрөөс дэмжлэг олгох ёстой. Харвардаас, Кембрижээс, Оксфордоос, Бритиш Коламбиа их сургуулиас багш нар авчирч, Монголдоо лекц уншуулъя. Оюутан маань энэ түвшний сургуулийн хичээлийг сонсог. Багш нар маань энэ түвний багш нараас суралцаг. Дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай боловсролыг ингэж байж бид бий болгоно. Үүнд засаг, төрийн бодлогыг чиглүүлж чадах юм бол бид энэ зорилгыг хэрэгжүүлж чадна.
Энд хэлэхгүй өнгөрч боломгүй нэг асуудал байна. Жил бүр 2.7 тэрбум төгрөг өндөр хөгжилтэй оронд оюутан сургахад бид зарцуулдаг. Энэ хөрөнгөөр танил тал, ар өврийн хаалганы хүүхэд гадаад оронд суралцахаар явдаг тухай жиг жуг яриад чих дэлсдэг. 2010 оноос энэ сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж, ил тод, ойлгомжтой явуулахыг БСШУЯ-нд, Отгонбаяр сайдад үүрэг болгож байна. Чаддаг л юм бол ардын хүүхэд, албан тушаалтны хүүхэд аль аль нь явдаг байх ёстой. Гадаадад сурах эрхийг үндэс угсаа, хир чинээ, албан тушаал, танил тал харгалзахгүйгээр, зөвхөн мэдлэг чадвар нь тэнцсэн үзүүлэлтээр л эдлэх ёстой.
Энэ сангийн хөрөнгө их биш байгаа. Улсын төсөвт 2010 онд энэ хөрөнгийг бараг 2 дахин нэмэгдүүлэхээр заасан ч, энэ нь бас л бага мөнгө. Гадаад сургалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх аливаа боломж, бололцоог эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Би Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа АНУ-д айлчлахдаа Фулбрайтын сантай хамтран гадаад сургалтын санхүүжилт хийх талаар ярилцсан. Үүнийг ажил хэрэг болгох талаар яаралтай, тодорхой алхамууд хийх хэрэгтэй байна.
Эдгээр ажлын үр дүнд бид сургуулийн өмнөх боловсролд ч, ерөнхий боловсролд ч, мэргэжлийн боловсролд ч, дээд боловсролд ч дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгох үндэс суурь тавигдана гэдэгт бат итгэлтэй байна.
Олон хүн оюу толгой, Таван толгойн ордуудыг эргэлтэд оруулаад Монгол улс хөгжих тухай ярьж байна. Эдгээр ордууд улсын хөгжлийн эдийн засгийн суурийг тавина гэдэгт би ч итгэж байна. Гэхдээ XXI зууны шинэ Монгол улсын хөгжлийг та бүхний боловсрол олгож буй “Монгол толгой” хөгжүүлнэ шүү гэдгийг хэлмээр байна. Тэр цагт улс, орны хөгжил, айл өрх, хүн бүрийн сайхан амьдралын баталгаатай үндэс суурь тавигдана гэдгийг би итгэлтэй хэлж чадах байна.
Бидний эргэн тойронд тэрбум гурван зуун сая хятад хүн, 140 сая орос хүн оршин сууж амьдарч байна. Энэ их хүмүүсийн дундаас Монгол хүнийг яаж илүү байлгах вэ? Яаж өрсөлдөх чадвартай байлгах вэ? Бид хөрөнгө, мөнгөөр, хүч чадлаар, үнээр энэ улсуудтай өрсөлдөхөд хэцүү нь ойлгомжтой. Бид харин чанартай, өрсөлдөх чадвартай боловсролтой Монгол хүнийг бий болгож чадвал энэ өрсөлдөөнд хоцрохгүй гэж хэлмээр байна.
Эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе! Хамтдаа бид чадна!
Dr. David Bellatalla, an Italian cultural anthropologist, cultural researcher, and historian, has been awarded the Academic Title of “Honorary Professor” of the Mongolian University of Science and Technology.
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School
Geotechnical testing and research laboratory opened