link

ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, “Эрдмийн шувуу” цомын төлөөх “Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний YIII бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа.
2010-03-23 08:09 Админ

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга  хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч  оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.

Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ нь Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал”  сэдвийн  хүрээнд боллоо. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь  хоёр үе шаттай, хоёр салбар хуралдаантай зохион байгуулагдсан.

1-р шатны шалгаруулалт нь 2010 оны 3 – р сарын 15-ны өдөр дүнгээ гаргасан. Уралдаанд 12 их дээд сургуулийн 90 оюутны, 50 багшийн удирдсан  56 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10 илтгэлийг шалгарсан.

2-р шатны шалгаруулалт 2010 оны 3-р сарын 20-ны Бямба гаргийн 10.00 цагт КТМС-ийн хичээлийн 205 тоот танхимд зохион байгуулагдаж,  3 их дээд сургуулийн 24 оюутны, 13 багшийн удирдсан  10 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд МУИС-ийн Эдийн засгийн сургууль/МУИС-ийн ЭЗС/, Санхүү эдийн засгийн дээд сургууль /СЭЗДС/, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн  оюутнуудын илтгэл  шалгарч үлдсэн юм.

Тэргүүн байранд ШУТИС-ийн КТМС-ийн багш магистр О.Мөнхзулын удирдсан оюутан Г.Болорчимэг, Э.Уянга, Э.Жүгдэрнамжил, Д.Бямбажаргал нарын “Цахим компани бий болох үзэгдэл” сэдэвт илтгэл;  2-р байранд  Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Док/Ph.D/., проф Ц.Батсүх, багш магистр Д.Гансүлд нарын удирдсан оюутан П.Буянхишиг, Г.Байгалмаа, Б.Санжидмаа нарын “Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын хэмжээ” сэдэвт илтгэл;  ШУТИС-ийн КТМС-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын удирдсан оюутан Э.Өнөрцэцэг,   Э.Ганзориг нарын  “Байгууллагын менежментийг шинэчлэх зарим асуудал” сэдэвт илтгэл;  3-р байранд  МУИС-ийн ЭЗС-ийн тэргүүлэх профессор Док/Ph.D/., проф. А.Ганзоригийн удирдсан оюутан Г.Халиунаагийн “Хөрөнгийн зах зээлийн эрсдлийн шинжилгээ” сэдэвт илтгэл;   МУИС-ийн ЭЗС-ийн тэргүүлэх профессор Док/Ph.D/., проф. А.Ганзоригийн удирдсан МУИС-ийн ЭЗС, СЭЗДС-ийн  оюутан  Ч. Тогтохцэрэн, Л.Энх-Амгалан, Г.Отгончимэг  нарын хамтарсан “Хувьцаат компани болон салбаруудын хөрөнгө оруулалтанд нөлөөлөгч хүчин зүйслийн шинжилгээ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.  1-р байр нэг  “Эрдмийн шувуу” цом, диплом, 650000 төгрөг, 2-р байр хоёр диплом тус бүр 150000 төгрөг, үнэ бүхий зүйл, 3-р байр хоёр  тус бүр диплом, 100000 төгрөг, үнэ бүхий зүйлээр  шагнагдлаа. Бусад  5 илтгэлүүд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Ерөнхий ивээн тэтгэгчээр  “FSCo” ХХК, “Гурван тулга групп” ХХК, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль ажилласан ба эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлье.  Мөн тус арга хэмжээнд МУИС-ийн ЭЗС, СЭЗДС, ХААИС-ийн ЭЗБС, Сэрүүлэг дээд сургууль, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Компьютерийн техник, менежментийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Мэдээлэл холбоо, технологийн сургууль,  Механик инженерийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Хүнсний инженер биотехнологийн сургууль, Барилгын инженер, арихетиктурын сургууль, Уул уурхайн инженерийн сургуулиуд идэвхтэй оролцов.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн КТМС-ийн    Менежментийн профессорын баг зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ удаагийн шалгаруулах бүрэлдэхүүний комиссийн  даргаар  ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн багийн профессор Док/Ph.D/, проф Х.Пүрэвдагва,  комиссийн дэд даргаар  “FSCo” ХХК-ийн  ерөнхий захирал,  “Залуу  судлаач” сангийн тэргүүн Д.Жаргалсайхан, комиссийн  гишүүд  ”Улаанбаатар хивс” ХК-ний Гүйцэтгэх захирал Док/Ph.D/, Д.Мөнхжаргал, ”Гурван тулга групп” ХХК-ний Захирал  Б.Отгонзул, “Монголын ажил олгогч эздийн холбоо”-ны зөвлөх Док/Ph.D/, проф  С.Баатар,  Док/Ph.D/,проф  Б.Цэрэндорж, нар байлаа.  Комиссийн нарийн бичгийн даргаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн  профессорын багийн  багш Д.Ариунжаргал,  комиссийн зохион байгуулагчаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн  профессорын багийн  багш Д.Оюунчимэг нар ажиллав.    

 

8 дахь удаагийн  оюутны эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь:

  • Их дээд сургуулиудын эрдэмтэн багш, оюутнуудын хамтарсан судалгааны үр дүнгээр хийгдсэн илтгэлүүд оролцсон.
  • Шагналын сан харьцангуй өндөр  байдаг энэхүү арга хэмжээ нь  нь оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, идэвх оролцоог нь нэмэгдүүлсэн.
  • Оролцогч оюутнуудын илтгэл  судалгаа, шинжилгээний боловсруулалт сайтай, математик, статистикийн орчин үеийн арга, аргачлалын өргөнөөр ашигласан байлаа.
  • Илтгэлийн шүүлтийг шударга, ил тод, шүүгчийн нөлөөгүй явуулах зорилгоор шалгаруулах комиссийн бүрэлдэхүүнийг бизнесийн төлөөлөл, эрдэмтэд, хөндлөнгийн экспертүүд, сул профессоруудаар бүрдүүлдэг болсон.  Шалгаруулалтын 1-р үе шатанд    илтгэлүүдийг  кодолдог бөгөөд аль сургуулийн, хэн гэдэг оюутан, багшийн удирдсан илтгэл болохыг шалгаруулах комиссийн гишүүд мэддэггүй нь шүүлтийг шударга, шүүгчийн нөлөөгүй болгодог сайн талтай.

Оролцсон бүх оюутан, удирдсан багш, зохион байгуулсан оюутнуудад “батламж”, ивээн тэтгэгч нарт талархал олгосон.

8 дахь удаагийн  “Эрдмийн шувуу” цомын төлөөх  оюутны эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон Эдийн засаг, менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын  удирдлага, эрдэмтэн багш, оюутнуудад талархал илэрхийлэхийн ялдамд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дараа дараагийн илтгэлийн арга хэмжээнд дахин идэвхтэй уриалж байна.

ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан,   “Эрдмийн шувуу” цомын төлөөх   оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах комисс.

Affiliated schools