link

Хэрлэнгийн Олон Улсын Геологийн Экспедицийн XVII эрдэм шинжилгээний бага хурал
2010-10-20 05:27 Админ

Геологийн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг угтаж “Төв Азийн геологи ба металлогени” сэдэвтэй Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн XVII Симпозиум 2010 оны 10 сарын 15-нд ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд болж өнгөрлөө.

Хуралд Эрхүүгийн Техникийн Их Сургууль, тус сургуулийн Минералогийн музей, Эрхүүгийн Их сургууль, Оросын Шинжлэх ухааны Академийн Сибирийн Салбарын Геохимийн хүрээлэн,  Тохоку Их сургуулийн Зүүн Хойд Азийн судлалын төв, Акита их сургууль, Хятад улсын Шижиажуаны эдийн засгийн их сургууль, Томскийн техникийн их сургууль, Губкины нэрэмжит Нефтийн их сургууль зэрэг байгууллагуудыг төлөөлж гадаадын 20 төлөөлөгчид болон ШУТИС, МУИС, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн,  Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам, Ашигт малтмалын газар болон гадаад ба дотоодын олон компанийн 200 орчим геологчид оролцсон. Хурлыг ШУТИС-ийн шинжлэх ухаан технологийн проректор профессор С. Буяннэмэх нээж Хэрлэнгийн экспедицийн сургалт эрдэм шинжилгээнд оруулсан хувь нэмэрийг үнэлж баяр хvргэлээ.

 

Профессор О. Гэрэл Хэрлэнгийн экспедицийн түүх болон өнөөгийн байдлын талаар илтгэж тус экспедицийг олон жилиийн инновацийн томоохон төсөл гэж үзсэн. Түүний дараа  19 аман, 15 ханан илтгэлүүдийг хэлэлцсэн. Илтгэлүүдэд  Монголын болон зэргэлдээ Орос, Хятадын нутгийн стратиграфи, тектоник, петрологи, ашигт малтмал, сургалт, аргачлалын асуудлуудын талаар гадаад болон өөрийн орны эрдэмтэд Г.Дэжидмаа, Ж.Бямба, Д.Чулуун, О.Гэрэл,   С.Оюунгэрэл, Б.Мөнхцэнгэл, С.Хишигсүрэн зэрэг эрдэмтэн багш нар болон О.Мөнхцэцэг, С.Мягмарсүрэн, Б.Уянга, А.Цолмон зэрэг манай залуу судлаачид орчин үеийн судалгааны ба аналитик аргачлалыг эзэмшин өөрийн ажлын сонирхолтой үр дүнг илтгэсэн. Үүнээс гадна геологийн салбарын оюутнууд ханан илтгэлүүдийг бэлтгэж хэлэлцүүлсэн. Гадаадын эрдэмтдийн илтгэлүүдээс С.И.Арбузов нарын “Хойд Азийн нүүрсэн дэх (U,Th) уран, торийн агуулга”, Мизута Тошио нарын “Зүүн-хойд Японы Хукуроку Куроко дүүргийн неогены бимодал вулканик чулуулгийн геохимийн онцлог”,  Л. Г.Кузнецовагийн “Тувагийн Тастыг дүүргийн литийн пегматитын  геологи-гарал үүслийн загвар” болон бусад илтгэлүүд  бидний сонирхлыг ихээхэн татаж байв. Уг хурлын үеэр ШУТИС, МУИС-ийн багш нарын хэвлүүлсэн ном, бүтээл болон оюутнуудын цуглуулга, бүтээлийн үзэсгэлэн, Эрхүүгийн минералогийн музейн танилцуулга, зарим ховор нандин үзвэр гаргаж  танилцуулав. Мөн хурлын үеэр гадаад, дотоодын эрдэмтэд харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллах төсөл, санааг олноор дэвшүүлсэн. Тус хуралд ирүүлсэн илтгэлүүдийг Монголын геологийн холбооны “Монголын Геосудлаач” сэтгүүлийн 36-р тусгай дугаар болон ГГТС-ийн “Геологи” сэтгүүлүүдэд  тус тус хэвлэв. Хурлын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
О. Гэрэл


 ЗХШҮГ

Affiliated schools