link

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Өлсгөлөнгийн эсрэг нэгдэцгээе” уриан дор 2010 оны 10-р сарын 15-16-ны өдрүүдэд ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, ХИБС хамтран зохион байгуулж тэмдэглэн өнгөрөөв
2010-10-26 05:57 Админ

Дэлхийн хүнсний өдрийг Монголд 2 дах удаагаа, энэ удаад ШУТИС дээр зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь дэлхийн болон монгол орны хоол хүнсний асуудалд бид  шинжлэх ухааны үүднээс гүн хүндэтгэл, хариуцлагатай хандаж явдагаа илэрхийлэн энэхүү үйл ажиллагаанд нэгдэж байгаа явдал юм. Хүнсний инженер биотехнологийн сургууль оюутан залуус, багш нарыг хамруулан олон арга хэмжээгээрээ Өлсгөлөнгийн эсрэг нэгдэцгээе гэсэн олон улсын уриа ажиллагаанд оролцлоо.

Хүнсний инженер биотехнологийн сургууль дээр ёслолыг нээж ХХААХҮ Дэд сайд  Х. Золжаргал, НҮБ-ын ХХААБ-ын Шадар суурин төлөөлөгч Н.Оюундэлгэр, ХИБС-ийн захирал Ж. Туяацэцэг нар үг хэллээ.

Энэхүү арга хэмжээний хөтөлбөрт ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл шим судлалын баг ерөнхий боловсролын дунд сургуулиудад “Өлсгөлөн” сэдвээр хичээл зааж, “Зохистой хооллолт” сэдвээр оюутан залуусын дунд сурталчилгаа зохион байгуулж, төгссөн мэргэжилтэнүүд  “Монголын хоол зүйчдийн анхдугаар зөвлөлгөөн”-өө хийж, оюутны 1-р дотуур байрны оюутнуудын дунд Шимт хоол бэлтгэх тэмцээн уралдаан зохион байгууллаа. Мөн Бид өлсгөлөнгийн эсрэг нэгдэж байна хэмээн 1000 гаруй оюутан залуус гарын үсэг, емайл хаягаа бичиж НҮБ-ын ХХААБ-д гардууллаа.

ХИБС-ийн 80 гаруй оюутан НҮБ-ын ХХААБ-н хөрөнгө оруулалтаар Хүнсний технологийн коллежид байгуулсан мах, сүүний үйлдвэрийг үзэж танилцах аялал хийв.

 

Энэхүү ажлын хүрээнд “МОНГОЛЫН ХООЛЗҮЙЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” болж өнгөрөв.

МУШУТИС-ын ХБТС-ын Хоолзүй тэжээхүй ухааны ангийн 2000-2010 оны нийт элсэлтийн 10 жилийн ойг тохиолдуулан “МОНГОЛЫН ХООЛЗҮЙЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулав. Зөвлөгөөнийг санаачлагч нь 2000 оны хоолзүй тэжээхүй ухааны ангийн анхны элсэлт буюу “ХООЛ-ШИМ ТЭЖЭЭЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ” төрийн бус байгууллага ХБТС-тай хамтран явууллаа.

Уг хэлэлцүүлэгт 2000-2005 оны Хоолзүй-Тэжээхүй ухааны мэргэжлийн ангийн нийт төгсөгчид 2005-2010 оны одоо суралцаж буй нийт 90 гаруй оюутан залуус оролцлоо.

Зөвлөгөөнөөр Хоолзүйчдийн цаашдын ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцэн өөрсдийн санал бодлоо хуваалцаж хоолзүйчдийн уялдаа холбоог сайжруулах  талаар өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн дүнд оюутан залуус маань өөрсдийн суралцаж буй мэргэжлийн талаар тодорхой ойлголттой болж цаашид мэргэжлээрээ ажиллах эрч хүчийг олж авсан гэдэгт итгэж байна.

Мэдээг бэлтгэсэн ХИБС-ийн энбд: Ц. Одбаяр

Affiliated schools