link

Байгууламжийн сорил шинжилгээний лабораторийг шинэчлэн сайжруулав
2010-12-04 11:00 Админ

Байгууламжийн сорил шинжилгээний лабораторийг шинэчлэн сайжруулж 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны  проректор Т.Батбаяр, "КОИКА"-ийн монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ли Дун Гү, БИАС-ийн захирал П.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцож тууз хайчлав.  БНСУ-ын “КОИКА” байгууллагаас тус лабораторт бетоны бат бэхийг үл эвдэх аргаар буюу хэт авианы тусламжтайгаар тодорхойлох багаж, металл эдлэлийн корроз тодорхойлох, шон суурийн гүн болон суурьд гарсан ан цавын гүний хэмжээг тодорхойлдог багаж бэлэглэв. Мөн ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургууль болон “Реконстрашн төв”-ийн хөрөнгөөр бетоны ан цав хэмжигч, барилгын дулаан алдагдал шалгах багаж, гагнуурын аппарат зай хэмжигч зэргийг шинэчлэн авч лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулжээ. Лабораторт эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажилд бакалавр, магистр, доктор оюутан, залуу багш нарт судалгааны ажлын арга барил эзэмшүүлэх юм. Мөн туршилтын үр дүнг боловсруулах, дүгнэлт хийх, бие даан судалгаа хийж асуудлыг шийдвэрлэх зэрэг дадлыг эзэмшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Одоо тус лабораторт төмөрбетон, мод, металл бүтээцийн хэв гажилт, бат бэх, тогтворын, хэт авиа, соронзон механик, хүйтэнд тэсвэрлэлтийн гэх зэрэг олон төрлийн судалгаа шинжилгээ туршилтууд хийгддэг байна.  
Байгууламжийн сорил шинжилгээний лаборатор 1971 онд Юниско-ийн тусламжаар Барилгын конструкцийн лаборатор нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1980-аад онд тензометрийн тоног төхөөрөмж, 1990-ээд оноос үл эвдрэх сорилын багаж төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэ үеэс барилга байгууламж, бүтээц эдлэл дээр үл эвдэх сорилын туршилт судалгаа хийхдэг болсон аж.

 

 

 


ЗХШҮГ

 

 

Affiliated schools