link

ШУТИС дахь Америкийн Монгол Судлалын Төв
2011-01-08 08:03 Админ

        Америкийн Монгол Судлалын Төв нь Шинжлэх Ухаан Технологийн төв номын санд 2010 оны 8 дугаар сараас байрлах болсон билээ. Энэхүү төв нь Монгол судлалыг хөгжүүлж, Дотоод Азитай хийх эрдмийн солилцоог өргөжүүлэх зорилготой ашгийн бус, боловсролын байгууллага юм. АМСТ-ийн үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, эрдэмтэд, судлаачид, оюутнуудад туслах, Монголтой холбоотой бүх л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг болно. Тус байгууллага нь АНУ-д бүртгэлтэй 501 (c) 3 ангиллын, Монгол улсад бүртгэгдсэн төрийн бус байгууллага бөгөөд тус бүс нутагт судалгаа хийхээр ирж байгаа эрдэмтэд, судлаачид, багш, оюутнуудад тэтгэлэг олгох, бусад үйлчилгээ үзүүлэх замаар тэднийг дэмжих, Монгол дахь эрдэм шинжилгээний хурал ивээн тэтгэх, зохион байгуулах, Дотоод Азийн бүс нутгийн тухай эрдмийн ажлыг өргөжүүлэн хүртээмжтэй болгоход үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Энэхүү зорилгынхоо дагуу Монгол дахь төв дээрээ сар бүрийн Пүрэв гаригт 5.30-аас гадаад болон дотоодын эрдэмтдийн сургалт лекцүүдийг зохиодог бөгөөд энэхүү лекцүүдэд оюутан багш нар үнэгүй оролцох болмжтой. Мөн тус төв нь Монгол эрдэмтэн багш нарыг дэмжих хүрээнд АНУ-ын их дээд сургуулиудад богино хугаацаагаар аялан суралцах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.

      Түүнчлэн, АМСТ нь судалгаа-шинжилгээний номын сантай бөгөөд тус номын сан нь Монгол болон Дотоод Ази судлалтай холбоотой хүн судлал(антропологи), түүх, археологи, газарзүй, биологи, хэл шинжлэл, утга зохиол гэх мэт олон чиглэлийн 19-р зууны сүүлчээс өнөөг хүртэл англи, монгол(кирилл болон хуучин монгол бичгээр), Орос зэрэг олон хэл дээр хэвлэгдсэн 3500 гаруй ном цувралтай. Мөн тус төв дээр эрдэмтэн багш судлаачид JSTOR мэдээллийн санг ашиглах эрхтэй.

      2010-2011 оны хичээлийн жилд АМСТөвөөс ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн багш судлаачдад зориулан цуврал сургалт-семинарыг амжилттай зохион байгуулсаар байна. Цаашид АМСТ нь ШУТИС-ийн багш оюутнуудтай бүх эрдмийн салбарууд дээр ажиллах зорилготой байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудсууд болон и-мэйл хаягаар авна уу.

 

АМСТ-ийн вэб хуудас: www.mongoliacenter.org

АМСТ-ийн номын сангийн вэб хуудас: www.mongoliacenter.org/library

И-мэйл хаяг: rcharpentier@mongoliacenter.org; library@mongoliacenter.org

 

Манай хаяг: Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан, 407 тоот

Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9.00 - 18.00 цаг хүртэл

Affiliated schools