link

Япончуудад тусалцгаая!
2011-03-16 10:54 Админ

Япончуудад тусалцгаая!

         

Манай гол түнш Япон оронд асар их гарз хохирол дагуулсан байгалийн гамшиг учирсан билээ. Энэ байгалийн гамшгийн хор уршиг одоог хүртэл үргэлжилж олон зуун хүний амь нас хохирч, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Япон улсын төр засаг, ард түмэн байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн хүндрэл бэрхшээлийг зориг тэвчээртэйгээр даван туулж, цаашид учирч болох аюул гамшгаас урьдчилан сэргийлэн хохирлыг богино хугацаанд арилгаж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангана гэдэгт ШУТИС-ийн хамт олон итгэлтэй байна. Байгалийн гамшгийн дараах хор хохиролыг арилгах үйлсэд бага боловч гэсэн хувь нэмэрээ оруулах зорилгоор ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс нийт бүрэлдэхүүн сургуулиуддаа Японы ард түмэнд туслах чин сэтгэлийн аян өрнүүлэхийг уриаллаа. Сэтгэлийн дэм тусламж Японы ард түмэнд энэ хүнд хэцүү үеийг даван туулахад нь багадахгүй.

1990-ээд оноос эхлэн ШУТИС нь Хоккай Гакуэн, Мияаконожогийн Үндэсний Технологийн дээд сургууль, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагтай хамтран ажилласанаар өнөөдөр Токио, Тохокү, Нагояа, Акита, Кобэгийн их сургууль зэрэг Японы томоохон 32 их дээд сургуультай хамтран ажиллаж байна. ШУТИС дээр барилга архитектур, харилцаа холбоо, япон хэл, зайн сургалт зэрэг салбаруудад 60 гаруй багш судлаачид японы их дээд сургууль болон олон улсын байгууллагын шугамаар урт болон богино хугацаагаар манай сургуульд ирж ажиллаж байна. Түүнчлэн ШУТИС-ийн 70 гаруй эрдэмтэн  багш  Япон орны их, дээд сургуулиудад эрдмийн зэрэг, цол хамгаалсан байдаг. Японы их дээд сургуулиудтай хамтарсан эрдэм судлалын ажил эрчимтэй явагдаж, хөрөнгө оруулалт ШУТИС-д ихээхэн хийгдэж байна. Тухайлбал Японы Нагоягийн их сургуулийн ШУТИС-д байгуулж өгсөн Хээрийн судалгааны хамтарсан төв, Чулуулгийн лабораторийг дурьдаж болно.

Япон улсад нүүрлэсэн байгалийн гамшгийг хамтран даван туулахаар сэтгэл зүрхээ нэгтгэн ШУТИС-ийн хамт олон чин сэтгэлийн хандив цуглуулах үйл ажиллагааг эхлүүллээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүмүүс тэдний төлөө санаа тавин сэтгэлийн дэм, туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна.

         

 


 

 

Affiliated schools