link

Монголын инженерүүдийн анхдугаар зөвлөгөөн боллоо
2011-03-23 13:09 Админ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ХХААХҮЯ, БСШУЯ, ШУТИС, МУИС, ХААИС, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл болон Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэгээс хамтран “Монголын инженерүүдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг энэ оны гуравдугаар сарын 17-нд зохион байгууллаа. Чуулган долоон салбар хуралдаанаар хуралдсан бөгөөд үдээс хойш нь нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд хийв. Салбар хуралдаан Уул уурхай-Эрчим хүч, Барилга-зам тээвэр, Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Мэдээлэл харилцаа холбоо, Шинэ технологи, Хөдөө аж ахуй гэсэн асуудлаар хуралджээ. Уул уурхай-Эрчим хүчний салбар хуралдааныг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Геологи, газрын тосны сургууль, Барилга, зам тээврийн салбарыг Барилгын инженер архитектурын сургууль, Механик инженерийн сургууль, Хүнсний үйлдвэрлэлийг Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг Мэдээлэл, холбоо технологийн сургууль, Компьютерийн техник, менежментийн сургуулиуд тус тус хамтран зохион байгуулж салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр болсон юм.

 

 

 

Харин Шинэ технологи салбар хуралдааныг МУИС, Хөдөө аж ахуйн салбарыг ХААИС-иуд зохион байгуулсан байна. Монголын инженерийн анхдугаар чуулганд ШУТИС-ийн эрдэмтэн профессор, багш ажилчид өргөн хүрээтэйгээр оролцож байна. Инженерүүдийн чуулга уулзалтын гол зорилго нь Монголын эдийн засаг, үйлдвэрлэлд инженерүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, инженерийг бэлтгэх боловсролын тогтолцоо, орчин үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэгджээ. Тус чуулганаар Монголын инженерүүдэд тулгамдаж буй асуудал, цаашдын төлөв, зорилтын талаар шинжлэх ухаан технологийн салбарын эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Салбар тус бүрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг хүргэх ёстой хүмүүст нь уламжилсны дараа инженерийн ур ухааны гайхамшгийг шингээсэн бүтээлүүдэд шагнал гардуулах ёслол болсон юм. Тус чуулганыг угтаж, инженерүүдийн шилдэг бүтээлүүдийг гайхуулсан үзэсгэлэнгээс хамгийн их санал авсан гурван бүтээлийн эзэд 500 мянган төгрөг, “Гран при” цомыг гардсан юм. Энэхүү шагналыг “Цахилгаан тээвэр” Улсын үйлдвэрийн газ¬рын инженерүүд “Мон-бус” автобусаараа, “Гар компьютер” бүтээлээрээ ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны, технологийн сургуулийн профессор Б.Сүхбаатар хүртсэн бол нано-технологийн аргыг ашиглан бүтээсэн даавуу боловсруулах технологиороо ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн профессор Р.Мядагмаа нар хүртсэн юм.

 

 

 


ЗХШҮГ

 

Affiliated schools