link

2018-2019 оны шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
2018-09-05 00:44

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн нээлт 9 дүгээр сарын 3 өдөр ШУТИС-ийн задгай талбайд боллоо. Сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангаж энэ хичээлийн жилд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийг 4300 оюутан залуус сонгон суралцжээ.

Нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайдын зөвлөх, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат, МОХ-ны ерөнхийлөгч Н.Удаанжаргал, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Санко” группийн ерөнхийлөгч, ШУТИС-ийн “Хүндэт профессор” Шимизү Такаши, ШУТИС-ийн дэд захирал Х.Энхжаргал, Т.Намнан, Б.Сүхбат, Л.Баяр-Эрдэнэ, Ц.Баатархүү ЗХНГ-ын дарга Н.Ганзориг болон бүрэлдэхүүн сургуулийн захирал бусад холбогдох хүмүүс оролцов. Нээлтийн үйл ажиллагааны эхэнд “Оюутан цэрэг” сургалтад амжилттай суралцаж онц буудагч, онц сурлагатан, тамирчин, дайчин цол тэмдэгтэй оюутан цэргүүд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тугийг заллаа.

            ШУТИС-ийн захирал Б.Очирбат: “ШУТИС уламжлал ёсоор шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ хангаж, элсэгч оюутнуудаа бүртгэж, хичээл сургалтын ажлаа эхлүүлж, нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд манай ШУТИС-ийг инженер технологийн төрөл бүрийн мэргэжлээр 4300 гаруй оюутан, суралцагч  шинээр сонгон элсэн суралцлаа. Шинээр элсэн суралцаж байгаа нийт оюутан залуус та бүхэндээ тусгайлан халуун баяр хүргэж, хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Энэ хичээлийн жил манай их сургуулийн хувьд ихээхэн онцлог түүхэн гэж хэлж болохоор байна. ШУТИС Монгол Улсад үндэсний инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн цагаас эхлээд 60 дахь хичээлийн жилтэй золгож байна. 2019 онд манай их сургууль үүсч байгуулагдсаны 60 жилийн түүхт ойг албан ёсоор тэмдэглэх гэж байгаа. Ийм учраас энэ хичээлийн жил бол түүхт 60 жилийн ойгоо угтсан их бүтээн байгуулалт, их бүтээлч ажлын өрнүүн жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жил манай их сургууль, хамт олон өөрийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж олон талаар тодорхой ахиц дэвшил гаргасан жил болж өнгөрсөн. Тухайлбал манай их сургуулийн олон улсын нэр хүнд улам өсөн бэхжиж, олон сургалтын хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ. Гадаадын их сургуультай хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, гадаад харилцаа өндөр түвшинд өргөжин хөгжиж ирлээ.

            Манай их сургууль байгууллагынхаа хувьд, Монгол Улсын дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн 3 дахь шатны магадлан итгэмжлэлийг амжилттай гардан авлаа. Манай их сургууль өнгөрсөн хичээлийн жилд санхүү хөрөнгө оруулалтын хүндрэлтэй байсан ч санхүүгийн хариуцлага, сахилга батыг сайжруулах, үргүй зардлаа бууруулах, сайжруулах замаар их сургуулийнхаа хөгжлийн асуудлуудыг амжилттай шийдвэрлэж хичээл сургалтын ажил хэвийн явагдах, зуны засвар тохижилтын ажил бүрэн хийгдлээ. Мөн  шинэ хичээлийн VIII байрны барилгын ажлыг амжилттай эхлүүлээд одоо барилга 50 хувийн гүйцэтгэлтэй баригдаад байна. Манай их сургуулийн профессор багш нар өнгөрөгч хичээлийн жилд өөрийн эрхэлсэн үйл ажиллагаандаа амжилттай ажиллаж, их сургуулийн 60 үндсэн сурах бичгийг бичиж хэвлүүлэх ажлыг эхлүүлэн, эхний сурах бичиг хэвлэгдэн гарч байна. Их сургуулийн хамт олон өнгөрсөн онд ололт, амжилт, үр дүнд тулгуурлан шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Тухайлбал бид 2018-2019 оны хичээлийн жилд их сургуулийн чанарын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай их сургуулийн олон улсад үнэлгээ хийлгэх, Азийн их сургуулиудын хэмжээнд ранкинг хийлгэх үйл ажиллагаа энэ хичээлийн жилд жинхэнэ утгаараа хэрэгжих гэж байна. Түүхт 60 жилийн ойгоо угтаж их бүтээн байгуулалт бүтээлч ажлыг өрнүүлэн ажиллах зорилттой. Их сургуулийн түүхийн 6 боть номыг дэлгэж олон нийтийн хүртээл болгоно. Манай их сургуулийн оюутан, суралцагчид өөрийн эзэмшсэн мэргэжил, ур чадвараа улам хөгжүүлж их сургуулийн инженерийн боловсролын тогтолцоог өөрчлөн шинэчлэн буй энэ цаг үед CDIO-гийн аргачлал, стандартын дагуу шинэ сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Энэ хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд их сургуулийн 26 хөтөлбөрийг бид CDIO-ийн арга зүй, агуулгын хувьд стандартад хүргэх ийм зорилтыг дэвшүүлэн ажиллаж 10 бүрэлдэхүүн сургууль нэг нэг хөтөлбөрийн шинэ урлан, сургалтын орчныг шинээр барьж бүтээхээр зорин ажиллаж байгаа. Бидэнд олон зорилт байна. Судалгааны их сургууль болон хөгжих, инноваци гарааны компаниудаа өнгөрсөн онд баталсан дүрэм журмын хүрээнд шинэчлэн зохион байгуулж хөгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг шинэ хичээлийн жилд дэвшүүлэн ажиллах болно. ШУТИС-ийн эрхэм хүндэт профессор багш, оюутан, суралцагчид та бүхэнд шинэ хичээлийн жилдээ улам их амжилт гаргаж, оюутан залуучуудад хичээл сурлагын амжилт өндөр байхыг ерөөж 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа албан ёсоор нээгдсэнийг мэдэгдье” гэлээ.

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат: “Өнөөдрийн энэхүү сайхан эрдмийн баяр, мэдлэгийн баярын өдөр та бүхэнтэй ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс мэндчилж байгаадаа таатай байна. 60 жилийн түүхтэй манай сургууль Монгол Улсын өнгөрсөн зууны турш бүтээн байгуулсан бүх салбарын мэргэжилтнийг бэлтгэх том бүтээн байгуулалтын ажилд оролцоход үнэтэй хувь нэмэр оруулсан бахдам түүхтэй. Энэхүү сайхан сургуульд элсэн суралцаж байгаа, цаашид энэ сургуульд суралцаж Монгол Улсынхаа цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахаар шийдсэн шинээр элсэн орсон нэгдүгээр курсын оюутнуудад мэндчилгээ дэвшүүлэхийг хүсч байна. 2018-2019 оны хичээлийн шинэ жилдээ сурлага, судалгаа, эрдэм шинжилгээ бүх талаар амжилт гаргаж, сургуулийнхаа нэрийг цаашид өндөрт өргөж, амжилттай суралцахыг бүгдэд нь хүсэн ерөөж байна” хэмээн хэллээ.

БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан: “ШУТИС-ийн эрдмийн хамт олон, профессор багш нар нийт ажилтан ажиллагсад, оюутан залуучууд, ахлах сургуулийн сурагчид та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. ШУТИС-ийн үе үеийн төгсөгчид Монгол орны бүтээн байгуулалтыг манлайлж та бидний өнөөдрийн аж амьдралыг бий болгохын төлөө хүч хөдөлмөрөө зориулж явсан. Оюутан та бүхэн ч гэсэн Монгол Улсын ирээдүйг хэрхэн авч явах вэ гэдэг том зорилтын өмнө зогсож байгаа. Нэгдүгээр курсын оюутан залуус хүний амьдралын хамгийн чухал үе залуу нас, эрч хүч, цог золбоо, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ШУТИС-ийн алтан босгыг ахлан орж ирсэн та бүхэн сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. БСШУСЯ-ны энэ хичээлийн жилд суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гарах ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтод хүрэхийн тулд их сургуулийн удирдлага, бүрэлдэхүүн сургууль, салбар, тэнхим, профессор багш нар үйл ажиллагааныхаа менежментийг илүү шинэ шатанд гаргана. Сургалтын үйл ажиллагаа түүний чанар нь тал талын хамтын ажиллагааны үр дүн байдаг. Оюутан залуус өөрсдийн олдсон цаг хугацаа боломж та бүхний төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа эрдэмтэн багш, эцэг эх, салбарын багш нарын хүндэтгэл нэр хүндийг тээж амжилттай сайн хичээн суралцана гэдэгт итгэлтэй байна. Эрдэмтэн багш нар салбар салбарын эрэлтэд нийцсэн чадвартай, зөв төлөвшил хандлагатай ирээдүйг бүтээн байгуулах бүтээлч залуусын бэлтгэн гаргахын төлөө хөтөлбөрийн шинэчлэл, арга зүйн шинэчлэл хийж байгаад талархалтай хандаж байна. Мөн ШУТИС-ийн өмнө чухал зорилт бол их сургууль өөрөө монгол орны нийгэм эдийн засагт тэргүүлэх үүрэг оройлтой байх. Үүний төлөө судалгааны ажлын чанар үр өгөөжийг шинэ түвшинд гаргах чухал зорилттой хичээлийн жилийг нээж байна. Сурлага, төлөвшлөөрөө Монголын их дээд сургуулийг манлайлан ажиллахын төлөө өндөр амжилт, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн нээлтийг үг хэллээ.

Нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд гардуулав. “Хүндэт профессор” цолыг олон улсын ба Монгол Улсын төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын нэрт эрдэмтэн, мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн, олон жил идэвх зүтгэл гаргаж ажилласан багш, сурган хүмүүжүүлэгч нарт олгодог юм. ШУТИС-ийн “Хүндэт профессор” А.Тлейхан баяр талархлын үг хэллээ.

Мөн ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэгийг 2018-2019 оны хичээлийн жилд ШУТИС-д шинээр элссэн шилдэг элсэгчдээс шалгаруулан 11 оюутан, Санко группийн нэрэмжит тэтгэлгийг 5 гардуулан өглөө. Үйлдвэрлэлийн технологийн сургуульд “Механик инженер /Япон 2+2” хөтөлбөрөөр элссэн Б.Ганбаяр элсэгчдийг төлөөлөн үг хэлж, Оюутны холбооны дарга С.Болд-Эрдэнэ, шинээр элссэн орсон нийт оюутнууд “Оюутны тангараг”-аа өргөж, хичээлийн жилийн анхны хонх дуугарснаар ШУТИС-ийн шинэ хичээлийн жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо.

Affiliated schools