link

“Шинжлэх ухаан, технологи, инноваци -2018” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал хүртэв
2018-12-01 00:01

Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалавын багийн зохион бүтээсэн “Дулаацуулагын автоматжуулагдсан иж бүрдэл ЦЭМ-18” бүтээл, Уул уурхайн хүрээлэнгийн “Уурхайн уурхайн ТЭЗҮ” бүтээл тус тус шилдэгээр шалгарлаа.

 

Энэ удаагийн үзэсгэлэн 2018 оны 11 сарын 22-23-ны өдрүүдэд Монголын Уран зургийн галлерейд “Шинжлэх ухаан, мэдлэгийн үйлдвэрлэл” уриан дор  зохион байгуулагдаж эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, гарааны компани, хувийн хэвшлийн технологийн компаниуд зэрэг нийт 120 гаруй байгууллага оролцлоо.  ШУТИС-иас багш, судлаачдын хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл, тэдгээрийн үр дүнд гаргасан шинэ технологи, бүтээлүүдээ танилцууллаа. Үүнд:

Мэдээлэл холбооны технологийн сургуулиас Н.Эрдэнэхүү удирдагчтай төслийн багийн "Цахилгаан соронзон оронгийн лавлах програм хангамж" аппликэйшн, Б.Сод-Од, Б.Удвалцэцэг, Б.Гүндсамбуу, Г.Цэнд-Аюуш нарын “Боловсролын болон мэдээллийн технологийн мэдээ, мэдээллийн нэгдсэн портал”, багш Г.Мөнхбатын “MUST AR” ухаалаг анги бүтээлүүд оролцсон бол, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш С.Сэржмядагийн Шар буурцгийн бүтээгдэхүүн, дэд профессор М.Баярын “Монгол хонины ноосон утсаар боловсруулсан цэмбэн пальто”, профессор Д.Энхтуяагийн 48/2 номерын ноолууран  ээрмэлээр сүлжсэн оёдолгүй, дотуур сүлжмэл бүтээгдэхүүн, багш доктор Г.Төрмөнхийн “Монгол чацарганаас гарган авсан  эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн”,

  

Эрчим хүчний сургуулийн дэд профессор Бя.Бат-Эрдэнийн "Programmable system on chip (PsoC) контроллёрын системийн хэрэглээ, түүний судалгаа”, 3D принтер ашиглан бүтээсэн “Omni-robot”, ахлах багш доктор Б.Нямбаярын удирдсан оюутнуудын бүтээл “ABU Робот”, захирал, докторЧ.Мангалжалавын “Алслагдсан төв суурин газрын дулаан хангамжийг байгаль орчинд ээлтэй аргаар шийдэх техникийн шийдэл хэрэгжилт” төслийн загвар бүтээгдэхүүн, “Монгол орны нөхцөлд нарны халаалтын системд ашиглах улирлын чанартай дулааны хуримтлуурын харьцуулсан судалгаа” төслийн үр дүн, Геологи уул уурхайн сургуулийн профессор Л.Дүгэржавын “Олон функцэт өрөмдлөгийн хушуу” бүтээл, Механик тээврийн сургуулийн багш оюутнуудын “Цутгуур болон механик боловсруулалтаар боловсруулсан эд анги”  зэрэг нийт 15 бүтээл, багш, судлаачдын хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл болон судалгааны үр дүнг харуулсан 20 ширхэг постер танилцуулгааар тус үзэсгэлэнд оролцлоо.

 

 Үзэсгэлэнгийн үеэр нийт төсөл  хэрэгжүүлж байгаа судлаачдыг төлөөлж Мэдээлэл холбооны сургуулийн багш, доктор И.Цэрэн-Онолт Тайваны Цинхуа их сургуультай хамтарсан “Микро-шингэн диэлэктрофорезд /DEP/ бактерийг SERS аргаар ялган таних” сэдэвт судалгааны ажлаа танилцууллаа.

Судлаачдын судалгааны танилцуулга постерыг энд дарж үзнэ үү.

Эрдэм шинжилгээ, инновацийн газар

Affiliated schools