link

ШУТИС-ийн судлаачид 2018 оныг амжилт дүүрэн үдэж байна
2018-12-22 08:40

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх байнгын ажиллагаатай Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагааны дэд зөвлөлийн гишүүд 2018 онд дараах амжилт гаргасан багш, судлаачдад хүндэтгэл үзүүлж өргөмжлөл гардууллаа. Үүнд, "Эврика-2018" ЭШ-ний их хурлын “Шилдэг эрдэмтэн судлаач” номинацийн тэргүүн байрт ҮТС-ийн багш, доктор  Г.Төрмөнх “Монгол малын махны бичил шим тэжээл, эрдэс бодисын атом шингээлтийн спектрометрийн /AAS/ аргаар тодорхойлсон дүн” бүтээлээр, БАС-ийн багш, доктор Х.Баатарсүрэний “Инженерийн шугам сүлжээний гэмтлийг засварлахад ашиглах органик наалтыг бий болгох бүтэц судалгаа” бүтээл  “Шилдэг залуу судлаач” номинацийн тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна.

 

Түүнчлэн БСШУСЯ-ны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн III байрт ХШУС-ийн профессор, доктор Д.Цэдэнбаярын “Вольтерийн операторын онолын судалгаа”, тусгай байрт МеТС-ийн профессор, доктор Б.Эрдэнэбат “Ой хээрийн түймрийг зайнаас тандан мэдээлэх технологийн шийдэл BB-X1бүтээл шалгарлаа.

Шинжлэх ухааны ажилтны өдрийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан "Шинжлэх ухаан, технологи, инноваци 2018" үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн дэд байрт ЭХС-ийн захирал, доктор, профессор Ч.Мангалжалавын “Дулаацуулгын автоматжуулагдсан иж бүрдэл ЦЭМ-18М” бүтээл, тусгай байрт УУХ-ийн захирал, доктор, профессор Х.Жаргалсайханы “Уул уурхайнуудын ТЭЗҮ” бүтээл тодорлоо.  

 

ЭХС-ийн Б.Нямбаяр багштай “Эрчим – I” баг үндэсний аваргаар шалгарч Вьетнам улсын Нин Бин хотод болсон Олон улсын тэмцээнд оролцож тусгай байр эзэлсэн.

Эдгээр судлаачдын амжилт нь ШУТИС-ийн нэр хүнд, эрдэмтдийн ур чадварыг олон улсад болон үндэсний хэмжээнд өсгөх, шинжлэх ухааныг хөгжүүлэх, тус их сургуулийн судалгааны их сургууль болох зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм.

Тус хурлын үеэр Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Т.Намнан “Nature Research Academies”-ийн сургалтад оролцсон судлаач багш нарт сертификат гардууллаа. 2018 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд БСШУСЯ болон Монголын номын сангуудын консорциум  хамтран зохион байгуулсан ”Author training” сургалтад ШУТИС-ийн 28 судлаач багш нар оролцож, судалгааны бүтээл бичих арга зүй, судлаачийн ёс зүй, мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих зэрэг аргачлалд суралцлаа. Энэхүү сургалтыг Nature Research Academies-ийн сургагч багш Др.Жеффри Робенс хөтлөн явуулсан бөгөөд тэрээр 20 гаруй жилийн академик туршлагатай, олон тооны бүтээл хэвлүүлсэн, шинжлэх ухааны нэр хүндтэй шагналуудаар шагнагдсан судлаач юм.

Жеффри Робенс нь 2012 оноос хойш Ази, Ойрхи Дорнодын судлаачдад зориулсан 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт семинаруудыг зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалт нь судлаачдыг хөгжүүлэх, чадавхижуулах ач холбогдолтой, үр өгөөжтэй, сонирхолтой хэлбэрээр явагдсаныг оролцогчид онцоллоо.

ШУТИС-ийн судлаачдын ур чадварыг өсгөх, бүтээлийг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажилд ахиц, дэвшил гаргах зорилгоор 2019 оноос шат дараалсан сургалтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

Affiliated schools