link

Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ой
2011-10-26 17:03 Админ

ШУТИС, Хүнсний инженер биотехнологийн сургуулиас санаачлан Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг 2011 оны 10 дугаар сарын 17-22 өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн өдрүүдэд доорхи арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.

10 дугаар сарын 17-19

  1. Ойн баярт зориулсан Хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ШУТ Төв номын сангийн 1 давхарт 10 дугаар сарын 17-19 өдрүүдэд зохион байгуулсан ба үзэсгэлэн худалдаанд хэд хэдэн үйлдвэр, аж ахуйн газар оролцсоноос MCS Coca cola компани идэвхтэй оролцлоо.  

 

 

2.    10 дугаар сарын 17 өдөр

Доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн багшийн “Эрдмийн баяр”

Монгол Улсад Хүнсний Аж үйлдвэрийн салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтан бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг угтаж Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан, Монголын Хүнсчдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, зөвлөх инженер, Техникийн Шинжлэх ухааны доктор (Sc.D) Л.Дамдинсүрэнгийн 65 насны ойг тохиолдуулан хөдөлмөр алдрыг тэмдэглэх “Эрдмийн баяр” цуврал арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.  

“Хүнсний зохистой хэрэглээ-Монгол уламжлал” Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал 2011 оны 10-р сарын 14-нд зохион байгуулав. Тус хурлаар Монгол улсын хүнсний бодлогын тулгамдсан асуудлууд, хүнсний аж үйлдвэрийн салбарын инноваци, хүнсний бодлого, эрх зүйн шинэчлэл, хүнсний үйлдвэрийн менежментийн онол, практикийн асуудлуудыг хөндөн хэлэлцсэн юм. Шилдэг бүтээлээр ХИБС-ийн ахлах багш Э.Энхцэцэгийн шалгарсан. Хурлын үеэр Л.Дамдинсүрэн багшийн “Бүтээлийн үзэсгэлэн” гаргасан

  

Менежментийн багийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “ДЭВЖЭЭ” тэмцээнийг Л.Дамдинсүрэн багшийн нэрэмжит болгов. 2011 оны 10-р сарын 15-ны өдөр Хүнсний үйлдвэрийн менежментийн багийн оюутнууд авхаалж самбаа, авьяасаараа өрсөлдөж 2-р анги нь бусдыгаа хошуучлан тэргүүн байранд шалгаран Л.Дамдинсүрэн багшийн нэрэмжит шагналаар шагнуулав.

  

“Хүнсний зохистой хэрэглээ-Монгол уламжлал” ЭШ-ний бага хурлын эмхэтгэл гаргасан. Эмхэтгэлд Л.Дамдинсүрэн багшийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдээс сорчилж оруулсан болно. Мөн “Менежментийн энгийн ойлголтууд” номыг шинээо бизнес эрхлэгч, бие даан менежментийн мэдлэг эзэмшихийг зоригсод болон менежментийн чиглэлээр суралцагч оюутнуудад зориулан гаргасан болно.

ТВ-8 телевизийн “Мэдлэг эрхэмлэсэн нөхөд минь” хүндэтгэлийн арга хэмжээгээр хаалтын үйл ажиллагаа болсон.

 

3.    10 дугаар сарын 18

Үр тариа, мах махан бүтээгдэхүүний лабораторийн нээлтийн ажиллагаа

Хүнсний инженер биотехнологийн сургууль МУ-д Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Инкубацийн төсөл”-ийн санхүүжилт болон өөрийн хөрөнгө оруулалтаар 2009 оны 9 дүгээр сарын 30 өдөр “ХИБС-Сургалт судалгааны төв”-ийн эхний лабораториудыг нээсэн билээ. “Сургалт судалгааны төв”-ийн лабораториудыг зөвхөн хичээл сургалтын зориулалтаар ашиглах бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, лабораторийн зардлаа бага ч атугай нөхөх, цаашилбал ашигтай ажиллах  боломжтой байхаар төлөвлөж байгаа болно. Нөгөө талаар үйлдвэрлэл ажиллаж байгаа орчинд оюутнууд дадлагажих нь сургалтын чанарт эерэгээр нөлөөлөх, зах зээл өндөр хөгжсөн гадны их дээд сургуулийн жишигт хүрэх эхний алхам билээ. Дээрх төвд тус сургуулийн Хүнс үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн бүх лаборатори болон хүнс үйлдвэрлэлийн төхөөрөмж зэрэг бусад олон хичээлийн дадлага, лаборатори явагдах боломжтой болсон байна. Ойн баярыг тохиолдуулан тус судалгааны төвд Үр тариа, мах махан бүтээгдэхүүний лабораторийг ашиглалтанд оруулснаар тус төвд

  • Талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн туршилт, шинжилгээний лаборатори
  • Исгэлтийн үйлдвэрлэлийн туршилт, шинжилгээний лаборатори
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн туршилт, шинжилгээний лаборатори
  • Жимс, ногооны нөөш үйлдвэрлэлийн туршилт, шинжилгээний лаборатори
  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн туршилт, шинжилгээний лаборатори
  • Үр тариа боловсруулах үйлдвэрлэлийн туршилт, шинжилгээний лаборатори зэрэг 6 лаборатори ажиллах боломжтой боллоо.

 

 

 

4.    10 дугаар сарын 19 өдөр

Виртуаль лаборатори, е хичээлийн баяр

ШУТИСургууль нь дэлхийд нэр төртэй, нээлттэй, сонгодог их сургууль болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй ажилд Хүнсний инженер биотехнологийн сургууль идэвхтэй оролцож, хамтран ажилладагийн нэг жишээ нь магистрийн түвшний 2 мэргэжлийг онлайнаар явуулах боломжтой болсон, магистр, докторын түвшний 22 хичээлийг е хэлбэрт шилжүүлэн сургалт явуулж байгаа явдал юм. Мөн виртуаль лаборатори ашиглан сургалт явуулах зорилгын хүрээнд одоогийн байдлаар 2 виртуаль лабораторийг хийгээд байна. Дээрх ажлаа бусад их дээд сургуулийн багш нартай санал солилцох үүднээс зөвхөн ШУТИС бүрэлдэхүүн сургууль бус улсын хэмжээний их сургуулиудын багш нарыг  урьж дээрх “Баяр”-ыг тэмдэглэсэн болно. Баярт бүрэлдэхүүн сургуулийн багш нараас гадна ХААИС, Батлан хамгаалахын их сургууль, Хүнсний технологийн дээд сургууль зэрэг 15 орчим их дээд сургуулийн багш нар оролцов.  

 

 

 

Доктор (Ph.D), профессор Ш.Жадамбаа багшийн “Эрдмийн баяр”

 

Доктор (PhD), профессор, Ш. Жадамбаа

“Эрдэм судлал, бүтээл туурвилын он жилүүд”

ШУТИС-ийн Хүнсний  Инженер Биотехнологийн сургуулийн хамт олон тэр дундаа Биотехнологийн профессорын багийн хамт олон бид МУ-ын Хүнсний салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн хүрээнд Биотехнологийн профессорын багийн ахмад багш, хүнсний салбарыг хөгжүүлэх, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх, анагаах ухааны салбарт эрүүл мэндийн манаанд зогсох мэргэжилтэн бэлтгэх үйлсэд өөрийн хүч чадал авьяасаа зориулж яваа бидний эрхэмлэн хүндэлж явдаг багш доктор, профессор Ширнэнгийн Жадамбаагийн “Эрдэм судлал, бүтээл туурвилын он жилүүд” хэмээх хөдөлмөрийн алдарыг ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор доктор, профессор Б. Очирбат, Захиргаа мониторингийн албаны дарга Ю.Болдбаатар, ХИБС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг, дэд захирал доктор М.Пүрэвжав, ХИБС-ийн профессорын багийн профессор, багш нар, Хүнсний хими технологи мэргэжлээр сурч буй оюутнууд, шавь нар, төгсөгчдийн төлөөлөл оролцсоноос гадна ЭМШУИС-ийн Био-Анагаахын сургуулийн Хими-биохимийн тэнхимийн эрхлэгч доктор Ж.Мөнхцэцэг, АУ-ны доктор, профессор Б.Энэбиш, ХУ-ны доктор, дэд профессор З.Ичинхорлоо, ХУ-ны доктор, профессор Н.Даваасүрэн, Хотын мал эмнэлгийн дарга, малын их эмч Р.Раднаа, Чингис хаан академийн гишүүн, зохиолч, түүх судлаач З.Сэсээр, Төрийн соёрхолт, доктор, профессор Ж.Алимаа, Төрийн соёрхолт, биохимич Б. Дэнсмаа зэрэг хамтран ажиллаж байсан хамт олон, байгууллагын төлөөлөл болон гэр бүл, үр хүүхдүүд оролцож дурсамж сэтгэгдлээ ярилцлаа.

Доктор, профессор Ш. Жадамбаа 1943 онд сүрлэг сайхан Алтайн уулсынхаа өвөрт төрж анхны дуугаа хадаан аав, ээжийн хүү болон мэндэлжээ.

 “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба бол гагцхүү багш хүнд заяадаг билээ”. Энэхүү нандин албыг 35 жил үүнээс: “Дунд сургуульд 2, Их дээд сургуульд 33 жил” хашихдаа Жадамбаа багш 10 мянгаас хол давсан оюутан сурагчид, хүнс болон анагаах ухааны салбарт бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчинд амьд биет болон хоол хүнсний гол суурь шинжлэх ухаан болох биохимийн үндсэн мэдлэгийг түгээн дэлгэрүүлж одоо ч сэтгэл харамгүй, он цагийг үл ажран энэхүү ариун үйлсдээ зүтгэсээр явна. Түүнчлэн энэ хугацаандаа 50 гаруй оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдаж, таван магистр, нэг доктор удирдаж хамгаалуулсан байна. 

Багшлах хугацааны нэр их хөдөлмөрийн үр дүнд Эрдэм шинжилгээний илтгэл 35-ыг  илтгэж, 40 гаруй хураангуй хэвлүүлж, олон нийтэд зориулсан өгүүлэл 10 гаруйг сонин сэтгүүлд бичиж, нэг сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага 20 гаруйг бичиж хэвлүүлсэн байна. Тухайлбал “Хүнсний биохими” /2000 он/, “Сүү цагаан идээний биохими” /2003 он/, “Хүнсний хими” /2004 он/, “Хооллолтын физиологи, бодисын солилцоо” /2007 он/, “Хоол зохицохуй” /2008 он/ зэрэг сурах бичиг, номыг одоо хүртэл ашигласаар байна.

ХИБС-ийн хамт олон,  Биотехнологийн профессорын багийн хамт олноос доктор, профессор Ш. Жадамбаа Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

  

  

 

5.    10 дугаар сарын 20

Хүнсний инженер биотехнологийн сургуулийн лабораторийн барилгын нээлт

Хүнсний инженер биотехнологийн сургууль оюутны сурах орчинг сайжруулах, сургалт түүний дотроос лабораторийн хичээлийг чанаржуулах, профессорын багуудын ажиллах орчинг сайжруулах зорилгоор шинэ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 401 дэх хоног дээрээ ашиглалтанд оруулав. Шинэ лабораторийн байранд тус сургуулийн 5 профессорын баг, 5 лаборатори, 1 уулзалтын танхим ажиллах боломжтой боллоо. Тус лабораторийн барилгыг барих хийгээд лабораторийг тохижуулах, тоноглох нөр их ажилд сургуулийн захиргаа, нийт хамт олон, төгсөгчид, хамтран ажилладаг байгууллагууд сэтгэл гарган санаачлагатай ажилласны дээр ШУТИС-ийн захиргаа түүний дотроос ШУТИС-ийн эдийн засгийн Проекторийн алба маш их дэмжлэг үзүүлж ажилласныг дурдах нь зүйтэй билээ.  

 

 

 

Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн баярын хурал, үзэсгэлэн, оюутны урлагийн тоглолт, хүндэтгэлийн  хүлээн авалт

 

 

 

 

10 дугаар сарын 21

Монгол улсын Хүнсний аж үйлдвэрийн салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан оюутнуудад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг ШУТИС-ийн Соёлын төвд зохион байгуулав. Нийт оюутнууддаа ойн баярын мэндийг дэвшүүлж, “ХИБС-шилдэг анги”, мэргэжил бүрийн онц суралцагсад болон урлаг спортын сайчууд, оюутны зөвлөлийн төлөөлөлд сургуулийн захиргааны зүгээс талархал дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулсны дараа ХИБС-ийн оюутны урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

  

 

 

Affiliated schools