link

Газрын гүний дулааны хамтарсан судалгааны хүрээнд Туркийн Хажитепегийн их сургуульд ажиллав
2019-10-09 18:00

Туркийн Хажитепегийн их сургуультай байгуулсан төсөлд суурилсан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын сарын 16-30 хооронд тус сургуульд ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг газар доорхи усны гидрогеохими, изотопын шинжилгээний дүнг хэлэлцэж тайлал боловсруулалт хийх, Туркийн геотермийн нөхцөлтэй танилцах, судалгааны явцын тайлан бичих зорилгоор томилолтоор ажиллаад ирлээ.

Монгол оронд төдийлөн судлагдаагүй сэргээгдэх эрчим хүчний нэг болох газрын гүний дулаан ашиглалтаар дэлхийд 4-рт ордог Турк улсын гидрогеологич нартай хамтран газрын гадарга дээр цельсын 94 градусын температуртай Шаргалжуутын халуун усны геотермийн судалгааг 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн хэрэгжүүлж байна. Судалгаагаар халуун усыг агуулж буй резерваурын температурыг тооцох, гидрогеологийн нөхцөл, газар доорхи усны найрлагын онцлог, халуун усны гарал үүсэл, халаалтын эх үүсвэрийг тогтоох, дулаан зөөгдлийн тоон загвар хийх юм.   

  

Геотермийн цооногийн өрөмдлөг, мониторингийн сүлжээ, хотын халаалтын хэсэг

Туркийн геотермийн дулааныг агуулдаг сав болох баруун Анатолийн грабен хотгорт байрлах Буюук Меандер голын хөндий, Кизилдрегийн хаалттай системд нэвтэрсэн геотермийн станцуудын үйл ажиллагаатай танилцан, Каракран дахь 3000м-ийн гүнтэй геотермийн цооногийн өрөмдлөг, Балчова хотын халаалтын систем, газар доорхи усны мониторингийн сүлжээ, Кимук дахь нүүрсний далд уурхайн гидрогеологийн нөхцөлтэй танилцах хээрийн ажилд оролцлоо.   

    

Геотермийн станцын уснаас сорьц авч буй байдал, геотермийн станц байрласан хөндий, нүүрсний далд уурхай

Монголд 2019 оны 6-р сард Шаргалжуутын халуун уснаас гидрогеохими, изотопийн шинжилгээнд зориулан газар доорхи усны сорьц, геологийн тогтоцыг судлах чулуулгийн сорьц цуглуулах, газар доорхи усны хээрийн параметрүүдийг тодорхойлох зорилгоор хамтарсан хээрийн ажлыг гүйцэтгэсэн.

Төслийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд Хажитепегийн их сургуульд Гидрогеологи мэргэжлийн 1 магистрант, 1 докторант оюутан амжилттай суралцаад ирсэн билээ. Оюутнуудын тэтгэлэг, амьдрах зардлыг Туркийн тал, замын зардлыг ГУУС-ийн Гидрогеологи мэргэжлийн багш нарын хэрэгжүүлж буй төслөөс санхүүжүүлсэн. Магистрант оюутны хийж буй газар доорхи усны горимыг хиймэл оюун ухаан ашиглан тооцох судалгааны ажил, докторант оюутны хийж буй говийн газар доорхи усны тэжээмжийн судалгаанууд нь Туркийн багш судлаачдын сонирхлыг их татаж байлаа.  Мөн 2019 оны 6-р сарын 7-22 хооронд Профессор Мехмет Монголд хээрийн ажилд оролцсоноос гадна ШУТИС дээр төгсөгчдөд зориулсан “Газар доорхи усны загварчлал” сургалтанд дулаан зөөгдлийн загвар сэдвээр лекц уншсан.

Туркийн гидрогеологи, инженер геологийн багш судлаач нарын хамт

Судалгааны ажил гүйцэтгэхэд тусалж дэмжиж байдаг сургуулийн удирдлага, Гидрогеологи инженер геологи мэргэжлийн багш оюутнуудад гүн талархал илэрхийлье.

Affiliated schools