link

“Robot Challenge Erdenet 2019” тэмцээнд 95 багийн 250 оюутан, сурагчид оролцлоо
2019-11-06 01:18

Робот хөгжүүлэлт, хиймэл оюун-AI технологи сонирхогч оюутан, сурагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) –ийн боловсролын дүнг олон нийтэд таниулах,  харилцан туршлага солилцох, олон улсын тэмцээнд оролцох эрх олгох цуврал тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаа билээ.

 Энэ удаад Орхон аймагт Монголын робот сонирхогчдын холбооноос санаачилсан “ROBOT CHALLENGE ERDENET 2019” тэмцээн Ерөнхий боловсролын “Орхон Эмпати” сургууль дээр 2019 оны 11 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Ерөнхий ивээн тэтгэгчээр Орхон Эмпати сургууль, ивээн тэтгэгчээр орон нутгийн аж ахуй нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажилласан тус тэмцээн нь Радио удирдлагатай сумо робот, Автомат удирдлагатай сумо робот, Лего сумо робот, Мини сумо робот, Зураас дагагч робот гэсэн төрлөөр ерөнхий боловсролын болон их дээд сургууль, робот хөгжүүлэгч клубүүдийн 95 багийн 250 оюутан, сурагчид технологийн багш нарын дунд боллоо.

   

“ROBOT CHALLENGE ERDENET 2019” тэмцээний төрөл тус бүр олон улсын дүрмийн дагуу явагдаж Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Ц.Хүрэлбаатар, Механик тээврийн сургуулийн багш П.Чойсүрэн, Ж.Давааням нар шүүгчээр ажилласан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн сургуулийн Мэдээлэл холбооны сургууль, Механик тээврийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, Коосэн Технологийн коллежийн оюутнуудын баг сургуулиа төлөөлөн оролцлоо.  

 

 

Тэмцээний Радио удирдлагатай сумо робот төрөлд 14 баг оролцсоноос:

  • I байр – Механик тээврийн сургуулийн ProMech клубийн баг (Олон улсын эрх)
  • II байр -Механик тээврийн сургуулийн X`Elect баг

Тэмцээний Автомат удирдлагатай сумо робот төрөлд 7 баг оролцсоноос:

  • I байр – Механик тээврийн сургуулийн ProMech клубийн баг (Олон улсын эрх)
  • II байр - Механик тээврийн сургуулийн “Master Sumo” баг

Тэмцээний Мини сумо робот төрөлд  13 баг оролцсоноос:

  • I байр – Орхон аймгийн Маргад сургуулийн “Маxium” баг
  • II байр – Төмөр замын дээд сургуулийн баг
  • III байр – ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “W Robot” баг

 

Тэмцээний Лего сумо робот төрөлд  38 баг оролцсоноос:

  • I байр – Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн баг
  • II байр – Орхон аймгийн 19 дүгээр сургуулийн баг
  • III байр – Улаанбаатар хотын Монгол тэмүүлэл сургуулийн баг

Тэмцээний зураас дагагч робот төрөлд  51 баг оролцсоноос:

  • I байр – Увс аймгийн 1 дүгээр сургуулийн баг
  • II байр – Шинэ Монгол технологийн сургуулийн баг
  • III байр – Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн багууд

тус тус  шалгарч дараа дараагийн тэмцээнүүддээ оролцох эрхээ авлаа. Ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлтгэхийн төлөө хамтран ажиллаж байгаа аж ахуй нэгж, их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад талархал илэрхийлж байна.

Дараагийн автомат роботын тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 9,10-ны амралтын өдрүүдэд робот хөл бөмбөг, шулуун замын робот, шоо цуглуулагч, robot race гэсэн төрлүүдээр ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль дээр явагдана. Тус тэмцээнийг ШУТИС-ийн Электроникийн салбар, HighTech клубээс зохион байгуулж байна.  Тэмцээний талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ГАЗАР

Affiliated schools