link

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим, “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи”- 7 боть цуврал номын нээлт боллоо
2019-12-12 13:09

Түүхт их сургуулийнхаа 60 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сургалт, судалгааны зориулалттай “Эрдэм шинжилгээ, инновацийн төв” хичээлийн 8 дугаар байрны нээлтээ хийсэн юм. Тус “Эрдэм шинжилгээ, инновацийн төв” нь 40 лаборатори, лекцийн 9 танхим, хурлын нэг танхимтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор юм.

Өнөөдөр тус төвийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим”-ыг хамтын ажиллагааны хүрээнд бүрэн тохижуулсан юм.  Энэхүү ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, үйлдвэрийн удирдлагууд болон ШУТИС-ийн захирал Б.Очирбат, их сургуулийн удирдлагууд, профессор багш нар оролцлоо.

 

Тус арга хэмжээний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээг сунгах ёслолын ажиллагаа боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийг богино хугацаанд ашиглалтад оруулах, шинэ хотын  барилга байгууламж, үйлдвэр комбинатыг барьж байгуулахад инженер, техникийн боловсон  хүчин шаардагдаж байсныг харгалзан инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтнээр хангахад онцгой анхаарч ШУТИС-ийг төрөл бүрийн инженерийн мэргэжлээр төгссөн залуучуудыг Эрдэнэт үйлдвэрт ажиллуулахаар илгээж байсан 1978 оноос тус 2 байгууллагын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тус 2 байгууллага 1993 онд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 103 гаруй томоохон төсөл хөтөлбөр, гэрээт ажлуудыг гүйцэтгээд байна. Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг үйлдвэрлэл, сургалтад нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөгжлийн тодорхой үр дүнд хүрэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Мөн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номыг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлэн номын нээлтээ хийлээ. Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, логистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл - шинжлэх ухаан - мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой юм.

 

Энэхүү бүтээл нь цаашдаа уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийн цогцолборууд өргөжин тэлж “Гангийн үйлдвэр”, “Өнгөт төмөрлөгийн үйлдвэр”, “Уул-химийн үйлдвэр”, “Кокс-химийн үйлдвэр”, “Нүүрс, занар боловсруулах үйлдвэр”, “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр”, “Эрдсийн гаралтай аж үйлдвэрийн түүхий эдийн үйлдвэр” зэрэг улс орны эдийн засагт чухал өгөөж бүхий үнэ цэнтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологи, экологи-эдийн засгийн суурь болон хавсарга судалгааны шинэ салбарууд цаашид улам баяжигдаж, Дэлхий судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт ШУТИС-ийн профессор, багш нар итгэлтэй байгаа юм. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоо нь ажиллаа.

Affiliated schools