link

“Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн “Засаглал болон Уул уурхай” сэдэвт олон улсын семинар амжилттай боллоо
2019-12-17 12:21

ШУТИС-ийн Геологи Уул уурхайн сургууль нь Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй АХБ-ны санхүүжилттэй “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Засаглал болон Уул уурхай” сэдэвт олон улсын семинарыг 2019 оны 12 сарын 5-6-ны өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. Семинарт манай сургуулиас гадна Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн Уул уурхайн институт, Монгол Улсын их сургууль, Герман Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Монголын үндэсний их сургуулиас нийт 50 гаруй багш судлаачид оролцлоо. 

 

“Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн нэг зорилго бол ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрт салбар дундын, нийгэм, эдийн засаг, байгаль орчны судалгаа явуулах, энэ сэдвүүдээр хичээл орох замаар оюутан суралцагчдад зөвхөн уул уурхайн талын мэдлэгийг олгоод зогсохгүй түүнчлэн байгаль орчин, нийгэм, эдийн засаг, орон нутагтай хамтран ажиллах, уул уурхайн сөрөг нөлөөллийг багасгах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахын тулд талууд хэрхэн, яаж оролцох талаар тодорхой мэдлэгтэй болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хэрэгтэй мэдлэгээр хангаж, оюутан суралцагчдад зөв хандлагыг төлөвшүүлэх юм.

 

Энэхүү семинарын хүрээнд ШУТИС-ийн “Уул уурхайн ашиглалтын технологи”-н бакалавр болон “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” -ийн магистр, докторын сургалтын хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаагаас улбаатай нийгэм, байгаль орчны асуудлууд, ашигт малтмалын нөөцийг хариуцлагатай, үр ашигтай, нийгэмдээ өгөөжтэй ашиглах талаарх асуудлуудыг сургалтын хөтөлбөрт суулгаж өгөх боломж, хэрэгцээ шаардлагыг харилцан ярилцах; гадаадын ижил төстэй сургуулиудын сургалтын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн судалгааг танилцуулах; салбар дундын судалгаа шинжилгээ хийх боломжуудыг нээх; цаашид энэ талын судалгаануудыг тогтмол хийж, уул уурхайтай холбоотой олон талын мэдлэгийг бий болгох, хуримтлуулах бололцоог бүрдүүлэхийг зорьж байна. 

Семинарын эхний өдөр дараах илтгэлүүд тавигдав.

  • Канад, Монголын судалгааны ажлын туршлага  Д.Зоригтхүү (Эрдэнэтийн Технологийн сургуулийн захирал);
  • Уул уурхайн засаглал  Julian Dierkes, Б.Алигэрмаа (UBC);
  • Олборлох салбарын татвар ба орлогын менежмент (Н.Дорждарь Байгалийн нөөцийн менежментийн хүрээлэн (NRGI) )
  • Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл ба судалгаа  Г.Орхон (Дээд боловсролын шинэчлэлийн академи)
  • Уул уурхайн орон нутгийн эдийн засгийн хөгжилд нөлөөлөх нь Ms. Suzette McFaul SEF Канад
  • Орон нутгийн удирдлага ба Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа  Ц.Түвшинжаргал, Б.Эрдэнэбат, С.Ганцогт (Орхон аймгийн орон нутгийн удирдлагууд)
  • ШУТИС-ийн Уул уурхайн салбарын хөтөлбөрийн шинэчлэл Б.Алтантуяа, Б.Батболд (ШУТИС ГУУС)

​   

Семинарын 2 дах өдөр

БКИС-ийн Онлайн сургалтад хамрагдсан өөр өөр мэргэжилтэй багш нар урьдчилан өгөгдсөн даалгаврын дагуу баг болон хуваагдаж магистр, бакалаврын сургалтын 10 хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан ба багууд хичээлүүдийн хөтөлбөрийн шинэчлэлээр хийгдсэн ажлуудаа танилцуулсны дараа бусад багууд шинэчлэл сайжруулалттай холбоотой санал, зөвлөмж, дүгнэлтийг өгөх хэлэлцүүлэг болов.  Семинарт оролцогчид танхимын сургалтын дараа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцав.

ШУТИС, ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ

Affiliated schools