link

Япон-Монголын уламжлалт 14-р семинарт ШУТИС-ийн ЭХС-ийн багш нар оролцов
2019-12-25 07:52

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Японы Эрчим хүчний мэргэжлээр оюутан сургадаг дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулдаг уламжлалт 14 дэх удаагийн семинар “Эрчим хүчний тогтвортой системд зориулсан дэвшилтэт технологиуд” сэдвээр 2019 оны 12-р сарын 9-13-ны өдрүүдэд Япон улсын Нагояа хотын Айчи Технологийн Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн семинарт Японы талаас Токиогийн их сургууль, Кюшюгийн их сургууль, Кумамотогийн их сургууль, Кюшюгийн Технологийн их сургууль, Токиогийн Эрчим Хүчний их сургууль, Айчи Технологийн их сургууль, Кюшюгийн Цахилгаан Эрчим Хүчний дээд сургууль зэрэг их дээд сургуулиудаас гадна Тошиба-Мицубиши үйлдвэрлэлийн цахилгаан систем корпораци, Кокин компани, цахилгаан системийн хэмжүүр, оношилгооны Кинкей компани, салхин цахилган үүсгүүр  үйлдвэрлэлийн Эс-Ди интернейшнл компанийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас ЭХС-ийн захирал, проф Ч.Мангалжалав, ахмад багш, проф З.Цэрэндорж, ЭНБД Доктор (Ph.D) Г.Бэхбат, Багш, доктор (Ph.D) Э.Мөнхтуяа, Багш Рэнчиндорж, Багш Ц.Эрдэнэтуяа нарын 6 багш, Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Монхорус ХХК-ийн Дэд захирал, ШУТИС-ийн докторант Б.Батлхагва, Алянс Тех ХХК-ийн Зөвлөх инженер Д.Цогт нар оролцов.

 

Семинарт оролцсон Монголын төлөөлөгчид “Монгол орны алслагдсан суурин газруудын дулаан хангамжийг эрчим хүчний шинэ үүсвэрээр шийдэх” (Ч.Мангалжалав), “Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын аянгын тасралтын тоо ба тулгуурын газардуулгын эсэргүүцлийн утгын зохистой харьцаа” (З.Цэрэндорж, Ц.Эрдэнэтуяа), “Монголын Өмнөговь аймгийн нутагт баригдах салхин цахилгаан станцад тохирсон салхины эрчим хүчний нөөцийг үнэлэх аргачлал боловсруулах” (Э.Мөнхтуяа), “Соронзон орныг удирдах замаар асинхрон хөдөлгүүрийн ашигт үйл, үзүүлэлтүүдийг дээшлүүлэх” (Ч.Рэнчиндорж), “УБЦТС ТӨХК-ийн  6,10 кВ-ын хүчний кабелийн гэмтлийн судалгаа, бууруулах арга зам” (Г.Бэхбат), “Монголын эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлого” (Б.Болор-Эрдэнэ), “Зүүн хойд Азийн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ ба Монгол улс” (Б.Батлхагва) зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бол Японы талаас нийт 15 илтгэл тавигдсанаас “Өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолын тусгаарлагад үүссэн бяцхан цахилалт 5G сүлжээнд нөлөөлөх үү?” (Проф.Шиня Озука, Кюшюгийн Технологийн Их сургууль), “Өндөр хүчдлийн агаарын таслууран дахь нумын шилжилтийг 3D хэмжээстэй судалсан үр дүн” (Проф.Акико Кумада, Токиогийн их сургууль), “Gd BaCuO хэт дамжуулагч тогтмол өндөр хүчдлийн кабелийг их чадлын энерги хуримтлуур болгон ашиглаж нарны цахилгаан станцын гаралтын чадлыг тэгшитгэх боломж”(Проф. Кохей Хигашикава, Кюшюгийн Их Сургууль), “Хүчний трансформатрын ган зүрхэвчний үлдэгдэл соронзонгийн судалгаа”( Проф. Кунихико Хидака, Тадаши Кошизука, Токиогийн Цахилгаан Эрчим хүчний их сургууль) зэрэг эрчим хүчний системийн хөгжлийн өнөөгийн шатанд дэлхийн хэмжээнд тулгарч байгаа тулгамдсан асуудлуудыг хөндсөн, тэдгээрийн шийдлийг санал болгосон илтгэлүүд тавигдсан болно.

 

Монгол-Японы их дээд сургуулиудын уламжлалт 15 дахь удаагийн семинарыг 2020 оны намар ШУТИС дээр зохион байгуулахаар тохиролцов. Семинарын үеэр Японы анхны газар доорх өндөр хүчдэлийн (275кВ/154кВ/77кВ), дэд станц, хуваарилах байгууламж болох Чубу эрчим хүчний системийн Мейжи дэд станц (48 м гүн), Кавамару компанийн хаалттай комплекс иж бүрэн дэд станц, түгээх сүлжээний хуваарилах самбарын үйлдвэрийн бүх технологийн шугамтай танилцах аяллыг Японы их сургуулиудын талаас зохион байгуулсан.

Түүнчлэн 2019.12.12-ны өдөр Айчи Технологийн Их сургуулийн ректор, Проф. Канжи Ото ШУТИС-ийн ЭХС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид эрчим хүч-цэвэр энергийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг ярилцав.

Affiliated schools