link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлын мэдээлэл
2020-04-16 00:31 ЗАА

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020.04.14-ний өдрийн хуралдаанаар Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр тогтов. Үүнд:

  1. ШУТИС-ийн 2019-20 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтыг цахим сургалтаар дуусгах гэсэн хувилбараар “Сургалтын нэгдсэн хуанли”-ийг өөрчлөн хэрэгжүүлэхээр шинэчлэн батлав.
    1. ШУТИС-ийн бүх шатны сургалтын үйл ажиллагааг “Сургалтын нэгдсэн хуанли”-ийн өөрчлөлтийн дагуу 2020 оны 06 сарын 15-ны өдөр гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөх;
    2. “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-н хэрэгжилтийг хангах;
    3. Профессор багш нарын цахим сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй байдалд үргэлжлүүлэн байнгын хяналт тавих, холбогдох заавар, зөвлөмж, дэмжлэгийг үзүүлэх;
    4. Улирлын болон улсын шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад  холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч, профессор багш нарт нэгдсэн заавар, зөвлөмж боловсруулан хүргэх, хяналт тавин ажиллах;
    5. Цахим улсын болон улирлын шалгалтын талаар оюутан суралцагчдад шалгалт явуулах заавар, асуулт хариултын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх;
    6. Зуны дадлагуудыг хэрхэн зохион байгуулах талаар салбаруудаас гаргасан саналуудыг нэгтгэн, чиглэл өгөх. (Танилцах болон үйлдвэрлэлийн 1-р дадлагыг виртуал болон цахим хэлбэрээр зохион байгуулах).
  2. ШУТИС-ийн 2020-21 оны хичээлийн жилийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулан, Элсэлтийн журамд холбогдох өөрчлөлтийг хийн шинэчлэн батлахаар шийдвэрлэв. Элсэлтийн бүртгэлийн хугацааг ЭЕШ зохион байгуулагдах хугацаатай уялдуулан зохион байгуулна. Мөн БСШУСЯ-нд элсэлттэй холбоотой холбогдох саналыг (босго оноо, шинэ хөтөлбөр г.м) хүргүүлэн шийдвэрлүүлэхээр тогтов.
  3. Цахим сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулах, оюутанд хандсан сургалтын үйлчилгээ, контентын чанарыг сайжруулах, багш нарт ажиллах илүү нөхцөл бий болгон дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэв. Үүнд:
    1. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр дээр тусгайлан тоноглосон 1-2 сургалтын смарт танхим байгуулахад холбогдох зардлыг гарган, яаралтай байгуулах;

Үүнд одоо байгаа смарт танхимууд, студи, онлайн хурлын танхим зэргийн техникийн шинэчлэлийг хийн өргөтгөх, мөн шинээр сургалтын смарт танхимууд байгуулах ажлууд хийгдэнэ. Эдгээр танхимуудыг цахим сургалтыг явуулах, улирлын шалгалт, төгсөлтийн шалгалт зохион байгуулах, төгсөлтийн ажил, төсөл зайнаас хамгаалахад ашиглана.

    1. Профессор багш нарт сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай байгаа компьютер, техник хэрэгслийн худалдан авалтыг яаралтай зохион байгуулах;
    2. Багш, оюутны санал хүсэлт, шаардлагыг үндэслэн ШУТИС-ийн Цахим сургалтын системд шаардлагатай холбогдох өөрчлөлтүүдийг тухай бүр цаг алдалгүй хийж, системийн програм хангамж, техник хангамжийн шинэчлэлийг хийх ажлыг үргэлжлүүлэн, серверийн хүчин чадлыг өртгөж буй ажлыг хийж дуусгах.
  1. ШУТИС-ийн 2020-21 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэв.
    1. Төгсөлтийн шалгалтыг цахимаар авах, төгсөлтийн ажил, төслийг зайн хэлбэрээр хамгаалах хүрээнд шаардлагатай ажлуудыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах;
    2. Төгсөх оюутнуудын дипломын ажил, төсөл бичих, эсвэл улсын шалгалтаар төгсөх сонголтыг эцэслэн шийдвэрлэж дуусгах;
    3. Төгсөлтийн шалгалтын материалыг товч, тодорхой, нийт хөтөлбөрийн агуулгын хүрээнд багтаан бэлтгэх;
    4. Төгсөлтийн ажил, диплом бичих болон үзлэг хийх удирдамж, заавар, зөвлөмжийг шинэчлэн боловсруулж цаг тухайд нь оюутанд хүргэж тасралтгүй эргэх холбоотой ажиллах;
    5. Зайлшгүй лабораторийн туршилт, судалгааны үр дүнг оруулж байж хийж дуусгах төгсөлтийн ажлуудад (ялангуяа ахисан түвшний сургалтад) өндөржүүлсэн бэлэн байдлын үед баримтлах зохицуулалтуудыг зөрчихгүйгээр туршилт явуулах боломжоор хангах (гэвч цаг үеийн нөхцөл байдал, дээд байгууллагаас өгөгдсөн чиглэлээс хамааран шаардлагатай үед зогсоох арга хэмжээг авах);
    6. Төгсөлтийн ажил, төсөл зайнаас хамгаалах техникийн боломжийг бүрдүүлж, холбогдох туршилт, зүгшрүүлэлтийг урьдчилан хийж дуусгах;
    7. Төгсөх оюутнуудад чиглэсэн зорилтот болон цуврал сургалт, тойм лекц, зөвлөмж зэргийг цахим хэлбэрээр хүргэх, мөн шууд лайв хэлбэрээр хийж холбогдох тодруулга, асуултуудад хариулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
  2. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал, техник технологийн хөгжлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн, Монгол улсад шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэж эхлэх зорилгоор Бакалаврын сургалтын шинэ хөтөлбөрүүд нээх асуудлыг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөр эцэслэн хэлэлцэж, хүсэлтийг БСШУСЯ-нд уламжлахаар шийдвэрлэв.
  3. Үүрэн телефоны Юнител, Мобиком компаниудтай хамтран тус сүлжээний бүртгэлтэй дугаараас ШУТИС-ийн багш, оюутнууд цахим сургалтын систем, сайтууд рүү дата хандалт хийх ажлыг зохион байгуулсан бөгөөд 4-6 саруудад төлөх “дата”-ны төлбөрөөс оюутнуудыг чөлөөлөн, ШУТИС-ийн зүгээс оператор компаниудад төлбөрийг төлөхөөр шийдвэрлэв.
  4. Оюутны байрны орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд шаардагдах эд хөрөнгийн судалгааг хийж, шаардлагатай худалдан авалтуудыг хийхээр шийдвэрлэв.
  5. Барилгын инженерийн хөтөлбөрөөр хамтарсан сургалт явуулах талаар хамтран ажиллахыг БАС, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн удирдлагуудад үүрэг болгов.

Жич:  Улс орны нөхцөл байдал, холбогдох дээд байгууллагуудын цаг үеийн шийдвэр, чиглэлийг үндэслэн сургалтын үйл ажиллагаа, хуанлид өөрчлөлт орох бол тухай бүр хийж өөрчлөлтийг мэдээлнэ.

ШУТИС-ийн ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ

Affiliated schools