link

“БАГАНУУР” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2020-09-30 03:37 ЗАА

“ШУТИС-2030 Стратеги төлөвлөгөө”-нд тусгагдсан судалгаа, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, ШУТИС нь 2020-2021 оны хичээлийн жилийг дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан судалгаа, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Багануур ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

ШУТИС-ын Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Багануур ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал нарын үзэглэсэн энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх,
  • ШУТИС-ийн эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээлийг үйлдвэрт турших, хөгжүүлэх;
  • Багануур ХК-д шинэ дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дамжлага, үйл ажиллагааны зардлыг бууруулан үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
  • Хамтран гүйцэтгэсэн судалгаа, үйлдвэрлэлийн үр дүнгийн талаар эмхэтгэл, ном, товхимол, гарын авлага зэргийг хамтран боловсруулж, хэвлүүлэх, нийтэд сурталчлах;
  • Судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргахад Багануур ХК-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Багануур ХК-ийн хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт хийх, туршилт судалгааны ажилд татан оролцуулах;
  • Мэргэжлийн салбарын оюутнуудыг харилцан тохиролцсон хөтөлбөр, удирдамжийн дагуу Багануур ХК-д дадлага хийлгэх.

Дашрамд дурдахад Багануур ХК-ийн Инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС-ийн төгсөгчид байдаг бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагаа энэхүү үйл явдлаар улам бэхжиж байна.

Профессор багш, судлаачид Та бүхэн Багануур ХК-тай дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлын санал байвал Эрдэм шинжилгээ, инновацийн газарт ирүүлнэ үү. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

Affiliated schools