link

ШУТИС-ийн баг “ABU ROBOCON” олон улсын роботын тэмцээнээс First Runner Up цом хүртлээ
2021-12-15 19:04 ЗАА

Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос робот зохион бүтээгч оюутан залуусын дунд зохион байгуулдаг “ABU Robocon” тэмцээн 2021 оны 12 сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

  

20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг энэ удаад БНХАУ удирдан зохион байгуулсан бөгөөд тэмцээнд БНХАУ, Хонконг, Япон, Малайз, Энэтхэг, Индонез, Тайланд, Непал, Камбож, Египет, Монгол гэсэн 11 орны 21 их сургуулийн баг оролцлоо. Тэмцээн Хятадын эртний сум харвах тоглоомд суурилан зохиогдсон дүрмийн хүрээнд оюутнууд өөрсдийн зохион бүтээсэн роботоороо 2 тойргийн тоглолт хийж, тухайн тоглолтуудыг шууд дамжуулах (Real Time) хэлбэрээр явагдлаа.

  

 Манай улсын хувьд “ABU Robocon” тэмцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн 7 дугаар сард зохион байгуулсан ба үндэсний аварга багаар шалгарсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн роботын “Mongolia-I” болон дэд байранд шалгарсан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Аравт” багуудыг тус олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцууллаа. Тэмцээний олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн төгсөгч, Монгол улсын их сургуулийн багш Ө.Батбаяр ажиллаж байгаа нь Монгол улс робокон олон улсын тэмцээнд томоохон байр суурь эзлэх болсныг илтгэж байгаа хэрэг юм.

Доктор Ц.Хүрэлбаатар удирдагчтай ШУТИС-ийн “Mongolia-I” багийн оюутан залуус тэмцээний турш ур чадвар, туршлагатай сайн тоглолтыг үзүүлж тэдний зохион бүтээсэн роботууд найдварт ажиллагаагаараа бусад багаас ялгарч тоглолт бүрд цэвэр ялалт байгуулснаар нийт 134 секундийн амжилтаар  “ABU Robocon -2021” тэмцээний дэд байранд “FIRST RUNNER UP” цомын эзэн боллоо.

 

Тэмцээний гран-при шагналыг Индонез улсын баг хүртсэн бол 3 болон 4 дүгээр байранд Малайз улсын их сургуулийн багууд шалгарлаа. Тэмцээнийг зохион байгуулагч Хятад улсын тухайд энэ жил 3 их сургуулийн багийг оролцуулсан ба Уханы их сургуулийн багийн робот гүйцэтгэл маш сайн байсан боловч эцсийн мөчид алдаа гаргаснаар 6 дугаар байранд шалгарч “ABU Robocon” тусгай шагналыг хүртлээ.

 

Тэмцээний тусгай шагналуудад:

  • Шилдэг инженерчлэл – Японы Нагояа их сургуулийн баг (V байр)
  • Шилдэг дизайн – Хонконгийн ШУТИС
  • Шилдэг санаа – Камбожийн Технологийн институт тус тус хүртлээ.

Мөн түүнчлэн “ABU ROBOCON” олон улсын тэмцээний ивээн тэтгэгчдийн шагнал болох Тоёота компанийн нэрэмжит шагналаар Токиогийн их сургууль, Панасоник компанийн нэрэмжит шагналаар Малайзын Технологийн их сургууль, Мабучи мотор шагналаар БНХАУ-ын Бэхан их сургуулийн багууд тус тус шагнагдлаа. Монгол улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Аравт” баг тэмцээний 18 дугаар байранд орж амжилтаа ахиуллаа.  

 

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан залуусын гаргасан энэ  амжилт нь Монгол улсаас робокон тэмцээнд оролцож эхэлсэн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм. 2019 онд эх орондоо зохион байгуулагдсан “ABU Robocon Ulaanbaatar” тэмцээнд мөн энэ амжилтыг ШУТИС-ийн баг үзүүлж байсан билээ. Тэмцээний шууд дамжуулалтыг хариуцан зохион байгуулсан Монголын үндэсний телевизийн хамт олонд талархал илэрхийлье !  

2022 оны тэмцээн Энэтхэг улсын Дели хотод зохион байгуулагдах бөгөөд Робокон тугийг зохион байгуулагчид хүлээн авч “Лагори” хэмээх дүрмээ танилцуулснаар “ABU ROBOCON 2021” тэмцээн өндөрлөв.

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Affiliated schools