link

Монгол Улсын “Гавъяат барилгачин” цолоор шагнагдсан, дэд профессор Эрдэнийн Ганзориг багшид хүндэтгэл үзүүлэв.
2022-02-08 00:51 Сувд

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН,  ДЭД ПРОФЕССОР

ЭРДЭНИЙН ГАНЗОРИГ

 

2022.01.31                                                                                                     Улаанбаатар хот 

             

Эрдэнийн Ганзориг нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976-1981 онуудад МУИС-ийг Барилгын Конструктор инженер мэргэжлээр суралцан төгсөж, УБЗТИ-д инженерээр ажлын гараагаа эхэлж, 1986 оноос ПТДС-ийн Барилгын конструкцийн тэнхимд багшаар ажиллаж байна. 1994 онд “Арматурласан уян налархай хатуу биеийг төгсгөлөг элементийн аргаар тооцох нь” сэдвээр Доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1997 онд ЭЗОДЗөвлөлөөс дэд профессор цол, 1998 онд Монгол Улсын Зөвлөх инженер зэрэг авсан. 2003 оноос Инженерийн ухааны үндэсний академийн гишүүн болсон.

Доктор Э.Ганзориг нь Украйны Киев хотын Барилгын инженерийн их сургуульд Барилгын зураг төслийн автоматжуулалтын 1 жилийн мэргэжил дээшлүүлэх курс, Япон улсын Цукуба хот дахь Сейсмологи, газар хөдлөлийн инженерингийн олон улсын институтэд Барилгын газар хөдлөлтийн тэсвэршлийн инженерингийн нэг жилийн сургалтад тус тус хамрагдсан. Монгол улсын засгийн газраас ШУ Технологийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж байсан бодлогын дагуу “Тэргүүлэх мэргэжилтэн” бэлтгэх чиглэлээр 1990-1992 онуудад Москвагийн Барилгын инженерийн их сургуульд суралцсан юм.

 

Доктор Э.Ганзориг нь Япон, Англи, Египет, Тайван, Герман, Америк, Тайланд зэрэг улсуудад түр сургалт, туршлага судлах ажил болон олон улсын арга хэмжээнд оролцож, гадаадын болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагааны талаар баялаг туршлага хуримтлуулсан хүн юм.

Доктор Э.Ганзориг нь ЗТБХБЯ-ны Барилгын болон Дэд бүтцийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтүүдэд 1997-2006 онуудад захирлаар, 2006-2007 онд Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвд дэд даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд тэрээр институт, төвийг хөгжүүлэх талаар ихээхэн амжилттай ажилласан юм. Тухайлбал, тэрээр үндэсний инженер, архитекторуудын тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох бүхэл тогтолцоог гардан бий болгож хэрэгжүүлсэн.

Доктор Э.Ганзориг нь НҮБ, НҮБХХГ-аас хэрэгжүүлсэн “Газар хөдлөлийн эрсдлийг үнэлэх арга хэрэгслэлийг боловсруулах”, “Улаанбаатар хотын газар хөдлөлийн эрсдлийн сценари боловсруулах”, “Энергийн хэмнэлттэй барилгын технологи”, “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II”, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг хөгжүүлэх” I, II шатны төслүүдэд зөвлөхөөр ажилласан. Одоо тулгамдаад байгаа барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлж, хүчитгэж сайжруулах чиглэлээр тэрээр ЖАЙКА байгууллагатай хамтран үр дүнтэй ажиллаж “Төмөр бетон цутгамал барилгын гаэзар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх ба хүчитгэх”, “Төмөр бетон угсармал барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх ба хүчитгэх”, “Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх ба хүчитгэх” дүрмүүдийг удирдан боловсруулаад байна.

Доктор Э.Ганзориг нь салбарын болон яамны дэргэдэх Барилгын салбарын шинжлэх ухаан, технологи, Мэргэшлийн зэрэг олгох зэрэг олон зөвлөл мөн ажлын хэсгүүдэд дарга, гишүүнээр ажилладаг бөгөөд салбарын бодлого стратегийг тодорхойлох, техник технологийн баримт бичгүүдийг боловсруулах, хянах, хэрэгжүүлэх ажилд оролцож үнэтэй хувь нэмрийг оруулдаг юм. Тэрээр сургалтын хөтөлбөр боловсруулах, барилгын хууль боловсруулах, салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэлт, барилгын норм ба дүрэм, стандартын тогтолцоог шинэчлэн сайжруулж олон улсын жишигт хүргэх зэрэг олон ажлын хэсэгт орж ажилласан байна.

Доктор Э.Ганзоригийн нэр хүнд, зүтгэлээр 2006 болон 2017 онуудад Азийн барилгын инженерийн зохицуулах зөвлөл (ACECC)-ийн уулзалт, форумыг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан билээ. Мөн тус холбоонд Тайваний БИХ-ноос ирүүлсэн 100 компьютерын хандив, Японы БИХ-ны сургалт аялалын шагналууд, Солонгосын БИХ-ноос зохион байгуулж буй хэвлэлийн чадавхийг нэмэгдүүлэх тусламж, бусад орны холбоод нийгэмлэгүүд, олон улсын байгууллагуудаас ирүүлдэг сэтгүүл, сонин, хэвлэлүүд тэдэнтэй хамтран хэрэгжүүлж буй төслүүд мөн түүний зүтгэлийн үр дүн юм.

Доктор Э.Ганзориг нь одоогоор Азийн барилгын инженерийн зохицуулах зөвлөлийн удирдах хорооны гишүүн, Америкийн БИХ болон Бетоны институт, Японы БИХ-ны гишүүн, Монголын БИХ-ны ерөнхийлөгч, Барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч зэрэг олон сонгуульт ажлыг хийж байна.

Доктор Э.Ганзориг нь хэдэн арван ном, сурах бичиг, норм дүрэм, гарын авлага, нийтлэл, эрдэм шинжилгээ, сурталчилгааны өгүүлэл хэвлүүлж гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад олон арван илтгэл тавьж байсан. 

Доктор Э.Ганзориг нь олон улсын болон өндөр хөгжилтэй орны төсөл, тооцооны аргыг сайн мэддэг, техникийн англи хэлний өндөр мэдлэгтэй тул гадаадын болон олон улсын хөрөнгө оруулалттай олон объектуудын зураг төсөлд зөвлөж, улсын экспертиз шалгалт хийсэн юм. Эдгээрээс тэрээр нийслэлийн төв талбайд сүндэрлэх Их эзэн Чингис хааны хөшөө бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний зураг төсөлд ерөнхий конструктороор удирдан зөвлөж ажилласан нь инженер хүний хувьд нэн бахархах бүтээл болсон байна. Мөн түүний зарим төслөөс дурьдвал Сөүл группийн Дээдсийн харш цогцолбор, Тайширын усан цахилгаан станцын барилга, Оюу толгойн босоо ам, үйлдвэрийн цогцолбор, МХАҮТ-ын барилга, 25-34 давхар Шангри Ла, Хилтон зочид буудлууд, Их эзэн Чингис хааны цогцолбор, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолбор, 25 давхар Блю скай барилга, 25 давхар Туушин Зочид буудал, 41 давхар МАК цамхагийн барилга, Налайх, Цогтцэций, Сайншанд дахь салхин станцуудын тулгуур сууриуд, шинэ нисэх буудлын ангар зэрэг олон барилга байгууламж болно.

Доктор Э.Ганзориг нь Монголын Барилгын инженерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, БХБСайдын Зөвлөлийн гишүүн, Азийн барилгын инженерийн зохицуулах зөвлөлийн Удирдах хорооны гишүүн, Монголын Инженерийн ухааны үндэсний академийн гишүүн, Барилгын салбарын ш/у, технологийн зөвлөлийн гишүүн, олон улсын “Computers and Structures” сэтгүүлийн зочин шүүмжлэгч, Улсын эксперт магадлан шалгагч, Барилгын салбарын эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн гишүүн, Салбарын инженерийн мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн гишүүн, Өндөр барилга, газар хөдлөлт, инженерийн тооцооны мэргэжлийн зөвлөлийн дарга, Барилгын бүтээцийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Дэлхийн банкны шинжээч, дээд боловсролын магадлан итгэмжлэлийн улсын шинжээч, Америк, Японы Барилгын инженерийн холбоодын гадаад гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хийж байгаа нь түүний олон талын өндөр мэдлэг ур чадвар, нэр хүнд, салбартаа үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний мэргэжилтэн болохыг мөн харуулж байна.

Доктор Э.Ганзориг нь олон улсын хэмжээнд ихээхэн нэр хүндтэй зохион байгуулагч, удирдагч, нэртэй эрдэмтэн, багш, шилдэг инженерийн нэг бөгөөд төрийн захиргааны байгууллага, дээд боловсролын болон дипломын дараах сургалт, эрдэм шинжилгээ, инженерийн практик, мэргэжлийн нийгэмлэгийн салбарт бүгдэд нь амжилттай ажиллаж туршлагажсан үндэсний шилдэг боловсон хүчин юм.

Иймд Э.Ганзоригийг барилгын салбарт боловсон хүчин бэлтгэх, салбарын  ажилтны тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, салбарын бодлого норм дүрэм, стандартыг боловсруулах, сайжруулах, эрдэм шинжилгээ судалгаа, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан ба барилгын салбар болон дээд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын “Гавъяат барилгачин” цолоор шагнуулсанд БАС-ийн хамт олон баяр хүргэж байна.    

Affiliated schools