link

КОЙКА байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Му ШУТИС-ийн удирдлагуудтай уулзлаа
2022-02-16 21:22 Батзориг

2022 оны 2 дугаар сарын 15-ний өдөр ШУТИС-ийн захирал, проф. Т.Намнан БНСУ-ын КОЙКА байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Му-г хүлээн авч уулзан, дээд боловсролыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Проф. Намнан ШУТИС-ийг шинэ зууны дээд боловсролын шинэчлэлд шилжүүлэх үйл явцад КОЙКА-ийн оруулсан хувь нэмэр маш чухал гэдгийг онцлон, ШУТИС-д хэрэгжүүлж буй КОЙКА-гийн төслүүдийн талаар товч танилцуулав.

  

Энэхүү уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-д хэрэгжиж буй КОЙКА-ийн томоохон 2 төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх арга замуудын талаар ярилцлаа. Эхний төсөл нь “ШУТИС-ийн МХТС-ийн чадавхийг бэхжүүлэх төсөл” юм. Хоёр дахь төсөл нь Барилга, архитектурын сургууль дээр хэрэгжиж буй “Монгол Улсын хот байгуулалтын дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх төсөл: S-Quad төсөл” юм.  Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй саад бэрхшээлийг шийдвэрлэх талаар хоёр тал санал солилцов.

 

Ноён Ким Жүн Му ШУТИС-ийн оюутнууд болон багш ажилчидад дэмжлэг үзүүлэн, КОЙКА-гийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр, КОЙКА-гийн тэтгэлэгт хөтөлбөр (CIAT) болон бусад ODA төслүүдэд хамрагдах хувийг нэмэгдүүлэх боломжтой талаар дурьдав. Мөн тэрээр ШУТИС-д хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсанд талархан, дээд боловсролын хөгжилд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Affiliated schools