link

"УС-ХӨГЖЛИИН ТҮЛХҮҮР" сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVI бага хурал боллоо
2022-03-24 20:35 ЗАА

1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан билээ.

"Дэлхийн Усны өдөр"-ийг тохиолдуулан “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг их, дээд сургуулиуд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2022 оны "Дэлхийн Усны өдөр"-ийг "ГАЗРЫН ДООРХ УС: ҮЛ ХАРАГДАХ УСЫГ ТАНИУЛЪЯ” уриан дор ШУТИС, ГУУС зохион байгуулсан нь бидний нүднээс далд оршдог усыг судалдаг Гидрогеологийн мэргэжилтэн бэлтгэдэг манай сургуулийн хувьд ач холбогдолтой хурал боллоо.

Манай гарагийн газрын хэвлийгээс хамгийн их олборлож байгаа байгалийн нөөц бол газрын доорх ус юм. Байгалийн усан сан болох уст давхаргууд дэлхийн цэвэр усны нөөцийн 97%-ийг агуулдаг, урт хугацаанд үргэлжлэх ган гачиг нөлөө бага үзүүлдэг учир уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад тусалж хуурай болон хагас хуурай бүс нутагт ус хангамжийн цорын ганц эх үүсвэр болдог онцлогтой.

Энэ жилийн оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVI бага хурлыг Монголын мянганы сорилтын сан ивээн тэтгэж БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Олон улсын гидрогеологичдын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг төр, хувийн хэвшил, ТББ-ууд хамтран ажиллав.

Хуралд оролцогсод

Хуралд БОАЖЯ-ны Усны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Хоролмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга Ш.Мягмар, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, ҮБХИС-ийн төлөөллүүд, усны салбарын эрдэмтэн судлаачид, оюутан залуус оролцлоо.

Хуралд ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, ҮТИС, МҮИС зэрэг сургуулиас 20 гаруй өгүүллүүд ирж 2-р шатанд шалгарсан 10 илтгэл хэлэлцсэн.

Хүний бөөрний чулуу өвчин (N20-23) үүсэхэд хоногийн уух усны хэмжээ болон эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг судалсан АШУҮИС, НЭМС-ийн оюутан Б.Ануужин, С.Ариунчимэг, Д.Намуун, О.Өлзий-од нар тэргүүн байр, Сайрын хурдсанд ус хуримтлуулах боломжийг загварчилсан ШУТИС, ГУУС-ийн оюутан Ж.Дамдиндорж, Импортын болон дотоодын савласан цэвэр усны нянгийн бохирдол, эрүүл ахуйн үнэлгээ хийсэн АШУҮИС, НЭМС, АУС -ийн оюутнууд Э.Содном, Б.Түвшинзаяа, О. Бүдханд, Б.Билэгт нар дэд байр, Үл үзэгдэх газрын доорх усыг үзэгдэхүйц болгоё сэдвээр ШУТИС, ГУУС-ийн оюутан Б.Бямбасүрэн Ж.Басбиш, Мод үржүүлгийн газрын усалгааны системийн төлөвлөлт хийсэн ХААИС, ИТС-ийн оюутан Б.Үйтүмэн, Н.Энхжин, Газрын доорх усны нитратын бохирдлоос эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ хийсэн ШУТИС, ГУУС-ийн оюутан Э.Бямбажав, Г.Энхмаа нар гутгаар байр эзэллээ.

Шагнал хүртсэн оюутнууд

2023 оны “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVII бага хурлыг МУИС зохион байгуулахаар боллоо.

Хуралд оролцсон нийт оюутан, багш судлаачдад ажлын амжилт хүсье.

Affiliated schools