ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КУБА, УНГАР, ТУРК УЛСАД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
2007-05-25 17:58 Админ

ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КУБА, УНГАР, ТУРК УЛСАД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА


2007–2008 оны хичээлийн жилээс хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу:
– Польш улсад 10 оюутныг барилга, архитектур, эрчим хүч, геологи, уул уурхай, мэдээлэл зүй, металлурги, нэхмэлийн технологи, зам тээвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр,
– Вьетнам улсад 5 оюутныг хөнгөн үйлдвэрийн техник технологи, хими технологи, эм зүй, газар тариалан, компьютерийн программ хангамжийн чиглэлээр,
– Куба улсад 4 оюутныг эрүүл мэндийн технологи (2), ойн инженер, нягтлан бодохын чиглэлээр,
– Унгар улсад 2 оюутан (А категори – үнэ төлбөргүй суралцаж, амьжиргааны тэтгэлэг авна)-ыг барилга, мэдээллийн технологийн чиглэлээр, 3 оюутан (Б категори – үнэ төлбөргүй суралцаж, амьжиргааны зардлаа өөрөө хариуцана)-ыг хөнгөн үйлдвэрийн технологи, хүнсний үйлдвэрийн технологи, биотехнологийн чиглэлээр,
– Турк улсад 40 оюутныг инженер (12), технологи (12), байгалийн ухаан (6), анагаах ухаан (4), хөдөө аж ахуй (4), эдийн засаг (2)-ийн чиглэлээр,
тус тус сонгон шалгаруулж бакалаврын түвшний сургалтад хамруулна.

Сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтад оролцох мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад орох хүсэлтэй оюутнууд нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, доорх хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2007 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 6 дугаар сарын 5-ны өдрийн 14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан оюутнууд доорх хүснэгтэд дурдсан мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

 Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл                                          Мэргэжлийн шалгалт
1 Инженер, технологи, байгалийн ухаан,                                          Математик
барилга, архитектур, зам тээвэр, эрчим хүч,
геологи, металлурги, нэхмэлийн технологи,
хөнгөн үйлдвэрийн техник технологи,
хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, мэдээллийн технологи,
компьютерийн программ хангамж, эдийн засаг,
нягтлан бодох
2 Анагаах ухаан, эм зүй, эрүүл мэндийн технологи,                                  Хими
биотехнологи, хүнсний үйлдвэрийн технологи,
хими технологи, технологи, ойн инженер,
байгалийн ухаан, хөдөө аж ахуй, газар тариалан

Мэргэжлийн шалгалтыг 6 дугаар сарын 6-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын оноог 6 дугаар сарын 7-ны өдрийн 14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Мэргэжлийн шалгалтад мөн нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгарагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор нь зарлагдсан хуваарь тус бүрээр жагсааж шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 6 дугаар сарын 7-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Польш улсад суралцахаар шалгарсан хүмүүст 6 дугаар сарын 8-ны өдрийн 12.00 цагаас, Вьетнам улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 14.00 цагаас, Куба улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 15.00 цагаас, Унгар улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 16.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 212 тоот өрөөнд, Турк улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 17.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд хүлээн авах талд илгээх баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө өгөх тул биечлэн ирэх шаардлагатайг анхааралдаа авна уу.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Суралцах хариу авсан оюутнуудыг нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад хамруулна. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулна. Вьетнам, Унгар (А категори), Турк, Куба улсад суралцах хүмүүст хүлээн авах талын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгоно. Польш улсад суралцах оюутнууд Сургалтын төрийн сангаас сар бүрийн 400 злотын зээл авах боломжтой. Унгар улсад В категориор суралцах хүмүүст амьжиргааны тэтгэлэг олгохгүй.

Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн