Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд байгуулсан боловсрол, соёл, шинжлэх ухаан болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилээс БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи /гидрогеологи/, мал эмнэлэг, хүрээлэн буй орчин /экологи/, газар тариалан, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл /эрчим хүч/, анагаах ухаан, эдийн засаг /худалдаа/, информатик, барилгын чиглэлээр чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг, англи хэл дээр докторын сургалтад хамрагдах 5 хүнийг тус тус шалгаруулна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.25-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Бүртгэл хөтлөх хүснэгт:
№ | Овог нэр | Нас | Хүйс | Утас | Регистрийн дугаар | Курс | Голч дүн | Суралцаж буй чиглэл | Суралцах чиглэл |
1 | | | | | | | | | |
Магистр, докторын сургалтад хамрагдах хүмүүс нь зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэгтэй, бүх түвшинд 3,25-аас дээш голч дүнтэй суралцсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний бэлтгэлтэй 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.
Магистр, докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 209 тоот өрөөнд хүрэлцэн ирнэ үү. Үүнд:
1. Ажил байдлын тодорхойлолт;
2. Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (2-4 хуудас);
4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
5. Шалгалтын хураамж 10000 төгрөг.
Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт, ЭСЯ-ны шалгалт гэсэн гурван үе шаттай зохион байгуулна. Англи хэлний шалгалт болон мэргэжлийн шалгалт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд явагдана. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Англи хэлний шалгалтыг 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгалтын босго оноог давсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.
Мэргэжлийн шалгалтыг 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс математикийн шалгалтыг тестийн хэлбэрээр, магистр, докторын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс реферат хамгаалуулах, эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр тус тус шалгалт авна. Мэргэжлийн шалгалтын оноог 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.
Шалгалтад оролцогчдоос бакалаврын болон магистрын сургалтад хамрагдах тус бүр 6 хүнийг, докторын сургалтад хамрагдах 8 хүнийг хоёр шалгалтын нийлбэр оноогоор нь жагсаан шалгаруулж, БНЧУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны шалгалтад оруулна. ЭСЯ-ны шалгалтыг тест хэлбэрээр авах бөгөөд шалгалтад орох хүмүүсийн нэрс болон шалгалтыг зохион байгуулах байр, хугацааг 2007 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНЧУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хүлээн авах талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистр, докторын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. БНЧУ-ын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгож, сургалтын төлбөрийг санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцана.