МХТС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн II НЭЭЛТТЭЙ олимпиадын удирдамж
Нэг. Үндэслэл
“Инженерчлэлийн эдийн засаг” – F.CN104 хичээлийн сургалтад тус сургуулийн бүх мэргэжлийн оюутнууд хамрагддаг бөгөөд намрын улиралд электроникийн салбараас бусад бүх мэргэжлийн ихэвчлэн II курсийн 300-400 гаруй оюутнууд уг хичээлийг үзэж судалдаг. Электроникийн салбарын оюутнууд хаврын улиралд үздэг. Цаашдаа ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиудын бүх инженер-технологийн мэргэжлийн оюутнууд энэ хичээлийг үздэг болох нь зүйтэй юм. Иймд “Инженерчлэлийн эдийн засаг”–ийн энэхүү олимпиадыг жил бүр МХТС-ийн нэрэмжит болгон хичээлийн жил бүрийн намрын улиралд Холбооны салбар (F.CN104 хичээлийг заадаг багш нар) хариуцан зохион байгуулна.
Хоёр. Зорилго
Инженерийн чиглэлээр суралцагч оюутан нь инженерчлэлийн эдийн засгийн мэдлэггүйгээр сайн инженер болох боломжгүй тул тэдний идэвх сонирхлыг сайжруулах, “Инженерчлэлийн эдийн засаг” хичээлээр авсан мэдлэгийг өргөтгөх, бататгах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, чадвар дадал олгоход олимпиадын зорилго оршино.
Цаашдаа оролцогч сургуулийн мэргэжлийн багш нар туршлагаа солилцдог, оюутнууд мэдлэг чадвараа сорьдог улсын хэмжээний олимпиад болгох зорилготой.
Гурав. Олимпиад зохион байгуулах журам
Олимпиадыг хоёр үе шаттай зохион байгуулна.
1-р шат. Хичээлийн жилийн намрын улирлын эхний явцын шалгалтад 9-өөс дээш оноо авсан оюутнууд 2-р шатанд орж болно. Олимпиадын 1-р шатыг онлайнаар зохион байгуулж болно.
2-р шат. Эхний шатнаас шалгарсан оюутнуудаас гадна урьд нь F.CN104 хичээлийг үзэж, А үнэлгээ авсан тус сургуулийн болон Эдийн засгийн онол, Санхүүгийн болон Төслийн менежмент судалсан бусад сургуулийн оюутнууд хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцож болно. Олимпиадын 2-р шатны шалгаруулалтыг ШУТИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид заасан XI-XII долоо хоногт зохион байгуулна. Олимпиадын 2-р шатыг онлайнаар зохион байгуулж болно.
Олимпиад зохион байгуулах комисс нь шалгаруулалтын тест, бодлогыг хичээл заадаг багш нараас дэвшүүлсэн хувилбаруудаас сонгох замаар боловсруулж бэлтгэх ба нууцыг хадгална.
F.CN104 хичээлийг заадаг багш нар нь оюутнуудаа олимпиадад бэлтгэж оролцуулах ба шалгаруулалтын тест, бодлогыг боловсруулж дэвшүүлэх, комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах эрхтэй.
Тухайн хичээлийн жилд “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн олимпиадыг зохион байгуулах комисс болон төсвийг захирлын тушаалаар баталгаажуулна.
Дөрөв. Шалгаруулж, шагнах журам
Олимпиадад оролцсон оюутнуудаас нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 2, тусгай байранд 5 оюутан шалгаруулна. Байр эзлүүлэхдээ оноогоор дүгнээд онооны дарааллаар байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд эхний шатны шалгаруулалтын оноог харгалзан үзнэ.
1-р байр нэг 100 000₮, өргөмжлөл
2-р байр хоёр тус бүр 80 000₮, өргөмжлөл
3-р байр хоёр тус бүр 60 000₮, өргөмжлөл
Тусгай байр тав тус бүр 30 000₮, өргөмжлөл
Мөн олимпиадын 2-р шатанд оролцож, авбал зохих нийт онооны 70 –аас дээш хувийг авсан оюутнуудад батламж өгөхийн зэрэгцээ II явцын шалгалтын болон улирлын шалгалтын оноог шууд тооцож болно.
Олимпиадыг зохион байгуулагч: МХТС-ийн Холбооны салбар
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ