“Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчийн харилцааны асуудлууд” эрдэм шинжилгээний хурал боллоо
2012-04-19 00:43 Админ

Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчийн харилцааны асуудлууд” эрдэм шинжилгээний хурал 2012 оны 4 дүгээр сарын 17 нд амжилттай болж өндөрлөв.

Монгол улсад, үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлж оюуны өмчийн биет бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар Монгол улс аж үйлдвэржих, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харьцаанд шилжин ороход их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шаардлагатай байгаа. Энэ үүргийг гүйцэтгэхэд юуны өмнө их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын өөрийн олон жилийн үйл ажиллагааны үр дүнд буй болгосон оюуны өмч, бүтээлийг эрх зүйн хувьд баталгаажуулах, цаашилбал оюуны өмчийн онцгой эрхийг хэрхэн өмчлөх, эзэмших мөн уг онцгой эрх, биет бус хөрөнгийг ашиглан бүтээсэн биет баялгаас хэрхэн, яаж эдийн засгийн хувь хүртэх зэрэг харилцааг зохицуулах нь өнөөдрийн нэн тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа юм.

 

Иймд тус хурлыг Монгол улсын БСШУЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, ЮНЕСКО –гийн Боловсрол, мэдээлэлийн технологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, Шинжлэх ухааны академи бусад байгууллагуудын төлөөлөгчид хурлын хэлэлцэх асуудлын чиглэлээр нийт 25 –н илтгэлийг нэг өдөрт багтаан үндсэн болон “Технологи Дамжуулалт ба Оюуны Өмч” мөн “Цахим Оюуны Өмчийн эрхийн асуудлууд” гэсэн хоёр салбар хуралдаанаар амжилттай хэлэлцүүллээ.

 

Энэхүү хуралд гадны байгууллагын төлөөлөгчид идэвхи санаачлагатайгаар оролцсон ба тухайлбал ЮНЕСКО –гийн Боловсрол, мэдээлэлийн технологийн хүрээлэнтэй захирал Проф. Др. Д. Бадарч багш болон Япон улсаас ирсэн Creative Common, Japan төслийн удирдагч хатагтай Чиаки Хаяаши нар оролцож цахим оюуны өмчийн эрхийн харилцаа болон нээлттэй сургалт, судалгааны материалыг хэрхэн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр ашиглах боломжийн талаар мэдээлэл хийн уг байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт, шинэчлэл, хөгжилд ШУТИС-ийн зүгээс vзvvлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор их сургуулийн бүтээсэн оюуны өмчийг бизнес мэдрэмж, сэтгэлгээгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монгол Улсын инженерын дээд боловсролыг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, түүнчлэн ШУТИС-ийн Энтрепренер их сургууль болгон хөгжүүлэх “ШУТИС-ийн хөгжлийн стратегийн замын зураглал, 2012-2021” хөтөлбөр болон бусад тавьсан зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжvvлэхэд тус зохион байгуулсан ”Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчийн харилцааны асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон дээрхи асуудлуудыг нээлттэйгээр тавьж энэ чиглэлээр анхлан зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал боллоо хэмээн манай эрдэмтэн багш нар, бусад хуралд оролцогсод өндрөөр үнэлж байлаа.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлуудтай их сургуулийн бодлого, үйл ажиллагааг уялдуулах түүнчлэн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, профессор багш, эрдэмтэн судлаачдын эрх ашгийг хамгаалах, оюуны өмчийн эрхийн харилцааны талаар нийгмийн үзэл бодол, ойлголтыг ойртуулах, мэдлэгийн эдийн засаг, инновацийн удирдлага, технологи дамжуулах нэгжийг үүсгэн байгуулах талаар харилцан мэдээлэл солилцох, мэдлэг олгох, асуудал дэвшүүлэх, улмаар шилдэг туршлагаас суралцах шаардлага бидэнд байгаа тул дараахи

1.Оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар;

  • Ажил үүргийн дагуу туурвисан патентын эрхээр хамгаалагдах оюуны өмчийг бүтээсэн зохиогчийн эрх мөн түүнийг өмчлөн ашиглах эзэмшигчийн онцгой эрхийг тусад нь баталгаажуулах,
  • патентын зохиогчийн эрхийг түүний эзэмшигчийн онцгой эрхээс ангид үзэж харин зохиогчийн эрхийн эдийн засгийн баталгааг тухайн патентыг ашиглах онцгой эрхийг эзэмшигчийн олсон ашгийн хувиарлалтаар баталгаажуулах,
  • Инновацийн үйл ажиллагаанд патентын эрхээр хамгаалагдсан оюуны өмч зах зээлд өрсөлдөх эдийн засгийн давуу боломжыг тухайн оюуны өмчийг эзэмшигчидэд олгох тул цахим оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулах, цахим хэлбэрээр бүтээсэн оюуны бүтээлийг патентын эрхээр хэсэгчлэн баталгаажуулах боломжийг судлан,

тэдгээрийг шинээр боловсруулж буй оюуны өмчийн тухай хуулийн төсөлд тусгаж өгөх,

2. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар;

  • Монголд улсад үйлчилж буй патенты тухай хуулийн хүрээнд тухайн оюуны өмчийг бүтээгч болон байгууллагын хамтын өмч хэлбэрээр нь харилцан ойлголцох зарчим, хамтын гэрээн дээр үндэслэн эдийн засгийн эргэлтэнд оруулах зарчмыг баримтлах,
  • Оюуны өмчийн биет бус хөрөнгийн эдийн засгийн үнэ цэнийг тогтоох үнэлгээ хийдэг дотоод аргачлал, журам зарчмыг тухайн их сургууль, байгууллага ЭШ хүрээлэнгүүд яаралтай бий болгон хэрэгжүүлэх,
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулан олсон ашгаас тухайн байгууллагын оюуны өмчийг бүтээгч, зохиогчийн эрхийг эзэмшигч ашгийн хувиарлалтаар биет хөрөнгө болон бусад баялагын хувь хүртэх аргачлал, журам зарчмыг боловсруулан хэрэгжүүлэх ,
  • Оюуны өмчийн харилцааны соёлыг бий болгох үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, шинжлэх ухааны академи бусад эрдэм шинжилгээний байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэн баримтлах, инновацид ээлтэй байгууллагын оюуны өмчийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх,
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулан олсон ашиг, баялагын тодорхой хувийг байгууллагын техник, технологийн хөгжилд зарцуулах замаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг тогтвортой дэмжих,

3. Цахим оюуны өмчийн эрхийн харилцаа болон нээлттэй сургалт, судалгааны материал

  • Цахим хэлбэрээр бүтээгдсэн оюуны өмчийн зохиогчийн эрхийг үл хөндөх “Уламжлалт мэдлэг болон нээлттэй сургалт, судалгааны материалын цахим сан” байгуулж түүнийг эрдэм шинжилгээ, боловсрол танин мэдэхүйн чиглэлээр нийгмийн хөгжилд үйлчлэх,
  • Монгол улсад нээлттэй сургалт, судалгааны материалын эхийг буй болгон хөгжүүлэхэд өмчийн бүхий л хэлбэрийн байгууллагууд хамтран ажиллаж, олон улсын гишүүнчлэлд элсэн Creative Common, Mongolia байгууллагыг байгуулан түүний үйл ажиллагааг дэмжих,
  • Уламжлалт мэдлэг болон нээлттэй сургалт, судалгааны материалын талаар хэлэлцүүлэг, семинар, сургалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байх

хурлын үр дүн, зөвлөмж чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Инноваци, Технологи Дамжуулалтын Алба


ЗХШҮГ