ЮНИДО-гийн Ерөнхий захирал Канде К.Юмкелла ШУТИС-ийн “Хүндэт профессор” боллоо
2012-05-11 23:26 Админ

   Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла 2012 оны 5 дугаар сарын 6-8-нд манай оронд албан ёсоор айлчилж байна.

     Тус айлчлалынхаа хүрээнд ЮНИДО-гийн Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ШУТИС-д зочиллоо. Энэ үеэр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн ЮНИДО-гийн Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкеллад ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгосныг гардуулж өглөө. Ёслолын ажиллагаанд ЮНИДО-гийн Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, ЮНИДО-гийн Ерөнхий захирлын Ажлын албаны дарга Паул Масели, Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Эдвард Кларенс-Смит, Ази, номхон далайн хөтөлбөрийн ажилтан Цэн Ванг, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ШУТИС-ийн Эрдмийн болон Ректорын зөвлөлийн гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

   

   Нэгдсэн Үндэстний Үйлдвэр Хөгжлийн байгууллага ЮНИДО-гоос Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил, дэвшилд үзүүлж буй үр нөлөө, тус байгууллагын Ерөнхий захирал, ноён Канде K.Юмкеллагийн дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд оруулж буй их хувь нэмрийг хүндэтгэн, өндрөөр үнэлж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөл болон Ректорын зөвлөл ЮНИДО-гийн Ерөнхий захирал, ноён Канде K.Юмкеллад ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсэн юм.

 

      ЮНИДО нь өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 1972 оноос хойш нийтдээ 15.0 орчим сая ам. долларын 88 техник тусламжийн төслийн хэрэгжүүлэгчээр ажилласан байна. Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-той хамтран 2007-2012 онд хэрэгжүүлэх “Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөр”-т тусгагдсан төслүүд эдүгээ үргэлжлэн хэрэгжиж байна.

       Сүүлийн жилүүдэд Монгол орны аж үйлдвэрийн хөгжил эрчимтэй сэргэж, эдийн засаг жил бүр тогтвортой өсч байгаа бөгөөд 2011 онд тус улсын эдийн засаг 17,3 хувиар өссөн дүнтэй байна.

    ШУТИС нь Монгол улсын аж үйлдвэрийн салбарын дээд боловсролтой инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн гаргадаг үндэсний томоохон их сургууль болохын хувьд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд болон тус улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, аж үйлдвэржилтийн хөгжилтэй холбоотой бодлогын судалгаа хийх, зөвлөмж боловсруулахад ЮНИДО-той хамтран ажиллах бүрэн боломжтой юм.

     Кандэ К.Юмкелла ЮНИДО-гийн Ерөнхий захирлаар анх 2005 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр 1996-2000 онд ЮНИДО-гийн Ерөнхий захирал Маурицио де Мариа вай Кампосын тусгай зөвлөх, Африкийн болон буурай хөгжилтэй орнуудын бүс нутгийн товчооны захирал, 2000-2003 онд Нигери дэх ЮНИДО-гийн төлөөлөгч бөгөөд Бүс нутгийн Аж үйлдвэрийн хөгжлийн төвийн захирал, 2003-2005 онд өмнөх Ерөнхий захирал асан Карлос Магаринос-ын ахлах зөвлөхөөр тус тус ажиллажээ.

    ЮНИДО-гийн Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла энэ удаагийн айлчлалаараа экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-гийн хооронд хамтран хэрэгжүүлж байгаа “Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөр” (Integrated programme)-ийн хэрэгжилтийн явц, түүний санхүүжилтийн талаар болон Монгол Улсад хэрэгжүүлж буй бусад төсөл, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцоно.

    ЮНИДО нь аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг НҮБ-ын системийн хүрээнд зохицуулах үүрэгтэйгээр Ерөнхий Ассамблейн харьяанд 1966 онд байгуулагджээ. 1986 оноос НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 174 орон гишүүнээр элсээд байна.


ЗХШҮГ