Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдын “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
“Эрдмийн чуулган 2023” нэгдсэн хурлыг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал, доктор, профессор Д.Цолмонбаатар нээж ШУТИС-ийн нийт эрдэмтэн багш, судлаачдадаа эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээний дараа ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга доктор, дэд профессор Ж.Арслан Эрдмийн чуулганы удирдамжийг уншиж танилцуулав.
Тус арга хэмжээний нээлтийн үеэр ШУТИС-ийн захирлын тушаалаар ШУТИС-ийн хүндэт өргөмжлөлөөр ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Геологи уул уурхайн сургуулийн чанарын менежер, доктор, дэд профессор Б.Батхишиг нар тус тус шагнагдав. Дээрх судлаачид бүхий нийт 14 эрдэмтэд мэргэжлийн геологичид, судлаачид, байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд болон үйлдвэрлэлийн геологичдод зориулсан “Mineral Resources of Mongolia” номоо Springer Nature сэтгүүлд 2020 онд цахим хэлбэрээр, 2021 онд хэвлэмэл байдлаар хэвлүүлсэн нь байгалийн ухааны салбарын олон улсын тавцанд танигдсан бүтээл болсон юм.
Мөн “Mongolian Geoscientist” буюу “Монголын геологич” сэтгүүлийн ерөнхий редактор Б.Батхишиг нь тус сэтгүүлийг олон улсад танигдсан бүтээл болгоход чухал хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү сэтгүүл 2019 онд Mongolia Jol -ийн мэдээллийн санд орж, цахим сэтгүүл болсон нь олон улсад танигдах боломжийг бүрдүүлсэн юм. “Mongolian Geoscientist” нь 2020 оноос хойш Google Scholar, Dimensions, DOAJ, EBSCO, CNKI, Geo Ref -д бүртгэгдсэн. 2023 оны 1 дүгээр сард олон улсын томоохон мэдээллийн сан SCOPUS-д бүртгэгдсэн амжилтыг үзүүлсэн.
Эрдмийн чуулганы үндсэн илтгэлийг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн ахлах багш, доктор Т.Зоригт “Улаанбаатар хотын барилгуудын газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ” гэсэн сэдвээр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Турк, Сирийн газар хөдлөлтэй холбоотой сүүлийн үеийн мэдээ баримт, болон Монгол улсад байгалийн гамшгаас үүдэлтэй гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож үнэлэх тухай өөрийн хийсэн судалгааг сонирхолтой баримтуудын хамт танилцуулав. Энэхүү судалгаа нь боловсруулсан барилгын мэдээллийн сан, газар хөдлөлтийн эрсдэлийн тооцооны арга нь засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанд ирээдүйн газар хөдлөлтийн гамшгийн эсрэг авах арга хэмжээг авч үзэх, түүнчлэн энэхүү судалгааны үр дүнг УБ хотын даатгалын зах зээлд барилгын газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэхэд ашиглах боломжтой бүтээл юм.
“Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттайгаар, Техник, технологи, Байгалийн ухаан, Хэрэглээний шинжлэх ухаан, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны гэсэн гурван салбар хуралдаантай зохион байгуулагдлаа. I шатанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдийн 60 гаруй бүтээл оролцож, тэдгээрээс шалгарсан II шатанд нийт 33 эрдэмтэн, багш нарын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгүүд, шинэлэг бүтээлүүдийг хэлэлцүүлэн, шилдэг илтгэл (бүтээл) -ийг шалгаруулж, шилдэгээр шалгарсан судлаачдад мөнгөн шагнал болон батламж олгож урамшууллаа.
“Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцсон нийт эрдэмтэн, багш, судлаачдадаа цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС-ийн профессор, багш нарын “Эрдмийн чуулган 2023 “ Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэл (бүтээл) -ээр шалгарсан багш, судлаачид
№ |
Эзэлсэн байр |
Илтгэгчийн нэр |
Илтгэлийн нэр |
Бүрэлдэхүүн сургууль, албан тушаал |
|
|
1. Техник-технологийн салбар |
|
|||||
1 |
I байрт |
Л.Тэлмэнбаяр |
Магнийн хайлшны гадаргуу дахь бат бөх өндөртэй бөгөөд зэврэлтэнд тэсвэртэй МОФ агуулсан гулсамтгай шинэ төрлийн ПЕО бүрхүүлийн хөгжүүлэлт |
МехТС, Машин үйлдвэрлэлийн технологийн салбарын ахлах багш |
|
|
2 |
II байрт |
Г.Мөнгөншагай |
CZTS/Si тандем нарны зайнуудын талаарх сүүлийн үеийн судалгаанууд |
ЭХС, Цахилгаан техникийн салбарын ахлах багш |
|
|
3 |
II байрт |
Г.Ганчимэг |
Сургуулийн элсэлтийн болон лавлагааны чатбот хөгжүүлэх |
МХТС, Компьютерийн ухааны салбарын ахлах багш |
|
|
4 |
III байрт |
Р.Бадмаанямбуу |
Монголчуудын нүүдлийн соёл ба орчин үеийн хувцас загварын чиг хандлага |
ХҮСХХүрээлэн, гэрээт судлаач, ҮТС-ийн Ноос, ноолуур судлалын салбарын ахлах багш |
|
|
5 |
III байрт |
Ц.Сонинхишиг |
Фотокатализ ба электролиз усны технологиудыг хослуулан эмнэлгийн дотоод халдварыг бууруулах туршилт, судалгаа |
БАТС, Тана лабораторийн зөвлөх, профессор |
|
|
2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухааны салбар |
|
|||||
6 |
I байрт |
Б.Өлзийдэлгэр |
Хүнд металл (Cr)-ыг шингээх чадвартай шинэ материалын синтезийн судалгаа |
ХШУС, Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш |
|
|
7 |
II байрт |
С.Дэлгэрмаа |
Цагаригт нүүрс устөрөгч задлагч бактерийн микробиологийн судалгааны үр дүн |
ҮТС, Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор |
|
|
8 |
III байрт |
Г.Зоригт |
Атомын долгион функцийн үүсэх хуйлрал |
ХШУС, Физикийн тэнхимийн дэд профессор |
|
|
3. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар |
|
|||||
9 |
I байрт |
Б.Алтанхуяг |
Монгол улсад адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой байгалийн боломжит нөөцийн судалгаа |
БУХС, Технологийн менежментийн салбарын ахлах багш |
|
|
10 |
II байрт |
Ч.Баасандаш |
Хоршоололд суурилсан хөдөө аж ахуйн хөгжлийн загвар ба 6-р аж үйлдвэржилт |
БАТС, Бизнесийн удирдлага, менежментийн салбарын профессор |
||
11 |
III байрт |
Э.Сувд |
Орон зайн төсөөлөх чадвар хөгжүүлэх сургалтын үр дүн ба түүнийг sure загвараар үнэлэх нь |
БАС, Инженерийн зурагзүйн тэнхимийн багш |
||
СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЛБА
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа