НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
2012-05-29 21:25 Админ

 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

  2012  оны 01 сарын 19 өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.

 2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг

зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан

                                            сэргийлэх тухай хууль тогтоомж

2.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн[1] Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль[2], Авлигын эсрэг хууль[3], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;

 3.1.2."хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;

 3.1.3."ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;

 3.1.4."нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;

3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

3.1.6."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;

3.1.7."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;

3.1.8."хандив" гэж нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг;

   3.1.9."бэлэг" гэж нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг;

3.1.10."бүтээлч ажил" гэж төлбөр, орлого олж байгаа сэтгүүл зүй, утга зохиолын болон урлагийн бүтээлийг.


Тус хуулийг бүрэн эхээр татаж авах